Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Тайвань хэрхэн "Big data" буюу их хэмжээний өгөгдлийг коронавирусын халдвараас хамгаалахад ашиглаж байгаа вэ?
Тайвань хэрхэн "Big data" буюу их хэмжээний өгөгдлийг коронавирусын халдвараас хамгаалахад ашиглаж байгаа вэ?


















Тайвань өөрсдийн мэдээлэл технологийн хөгжлийг ашиглан хэрхэн халдвараас сэргийлж байгаа талаар мэдээлэл гарсныг та бүхэнд хүргэж байна. Тайваний арал бол БНХАУ-с хилээс хэдхэн км-ийн цаана оршдог бөгөөд нийт 23 сая гаруй хүн амтай юм. Одоогоор халдвар авсан тоо 2020 оны 3 сарын 9-ны байдлаар 45 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн эдгэсэн бол 1 хүн нас баржээ. Энэ нь БНХАУ-тай маш ойрхон хиллэдэг муж улсын хувьд маш сайн сэргийлж чадсан жишээ болж байгаа юм. Тайваний 850,000 гаруй иргэн БНХАУ-д оршин суудаг бол тэднээс 400,000 гаруй нь ажил хийдэг байга. Өнгөрсөн жил гэхэд 2,71 сая хүн БНХАУ-с Тайвань руу айлчилжээ.


Хэрхэн ингэж сэргийлж чадав?


Тайваньд 2003 оны SARS-ийн дэгдэлт дээр үндэслэн шинэ технологи, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулсан байна. Тайванийн засгийн газар SARS-ийн дараа Эрүүл мэндийн үндэсний удирдлагын төвийг (NHCC) байгуулсан бөгөөд энэ төв нь гамшгаас хамгаалах төвийн нэгж бөгөөд томоохон гамшиг, ослын үед хариу арга хэмжээ авахад чиглэсэн шууд удирдлагын үүрэг гүйцэтгэдэг ажээ. Харин энэхүү төв нь корона вирусын халдвар идэвхжсэн 1-р сарын эхээр мөн Эпидемиологийн удирдлагын төв дэргэдээ байгуулсан байна.


Стэнфордын Эрүүл мэндийн бодлогын доктор, Тайваний эрдэмтэн Ж.Ван: "Тайвань өнгөрсөн таван долоо хоногт нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 124 төрлийн үйл ажиллагааны жагсаалтыг маш яаралтай гарган хэрэгжүүлсэн" хэмээжээ. Тайваний засгийн газар өмнө нь баталсан гамшгийн үед авах арга хэмжээ, боловсруулсан бодлого нь энэ цаг мөчид хангалтгүй гэдгийг хаана, хаана ойлгоцгоож, яаралтай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.


Эпидемиологийн удирдлагын төв нь агаар болон далайн хилийн хяналтыг чангатгах, шинэ өгөгдөл, технологийг ашиглан сэжигтэй тохиолдлуудыг илрүүлэх, сэжигтэй үед хорио цээрийг зохион байгуулах, хуурамч мэдээлэлтэй тэмцэх, олон нийтэд мэдлэг олгох, бусад улстай хилийн хэлэлцээр хийх, боловсрол болон бизнесийн байгууллагуудын дагаж мөрдөх журмыг боловсруулах зэрэг олон арга хэмжээнүүдийг шат дараатай авсан байна.


"Их хэмжээний өгөгдлийг ашиглан дүн шинжилгээ хийх нь"


Судлаачид Тайванийн үндэсний эрүүл мэндийн даатгалын мэдээллийн баазаа цагаачлал, гаалийн мэдээллийн сантай нэгтгэн анализ хийхэд зориулж их хэмжээний өгөгдөл үүсгэж эхэлжээ. Үүнд аялал жуулчлалын түүх, клиник шинж тэмдгүүд дээр үндэслэн бодит цаг хугацааны дохиоллын систем (real-time alert) бий болгосноор сэжигтэй тохиолдлыг шуурхай таних боломжийг олгосон байна.


Мөн сүүлийн 14 хоногийн хугацаанд нислэгийн зам, аяллын түүх дээр үндэслэсэн аялагчдын халдварийн эрсдэлийг ангилахын тулд өөрсдийн аяллын түүх, халдварын шинж тэмдгүүдийг QR код ашиглан оруулж, онлайнаар хялбархан мэдээллэх боломжийг иргэдэд олгожээ.


Эрсдэл ихтэй бүс нутгуудаар аялаагүй хүмүүсийг гааль дээр ирэхээс өмнө гар утасны мэссэжээр хилийн шалганы хуудас бөглүүлсэнээр гааль дээр олон хүн бөгнөрөхөөс сэргийлж чаджээ. Харин өндөр эрсдэлтэй орнуудаар аялж ирсэн бол хоригийн хугацаанд хорио цээрийн дэглэм барин гэртээ байхыг зөвлөн гар утсаар нь дамуулан хянажээ.   


Мөн түүнчлэн, сэжигтэй тохиолдлыг мэдээлэх үнэгүй утасны шугамыг ажиллуулсан бөгөөд томоохон хотууд өөрсдийн байнгын ажиллагаатай шугамыг нээн ажиллуулсан байна.


ДЭМБ-аас 2019 оны 12-р сарын 31-ний өдөр, Ухань хотод тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний талаар мэдэгдсний дараа Тайваний албаныхан Ухань хотоос шууд нислэгээр ирсэн зорчигчдыг шалган, уушгины хатгалгааны шинж тэмдэг илрүүлж эхэлжээ. Улмаар 1-р сарын 5-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд Ухань хотод очсон, халуурсан эсвэл амьсгалын дээд замын халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүмүүсийг яаралтай шинжилгээнд хамруулахаар мэдэгдэл хийсэн байна. Үүний дараагаар SARS ба MERS зэргийг багтаасан нийт 26 вирусын тохиолдлыг илрүүлсэн ажээ. Зарим шинж тэмдэг илэрсэн зорчигчдыг гэрт нь тусгаарлан, хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд эмнэлэгийн тусламж шаардлагатай эсэхд үнэлгээ хийн яаралтай арга хэмжээ авчээ.


Энэ чухал цаг үед Тайваний улстөрийн намууд ч харилцан ойлголцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлцгээсэн байна. Намуудын олон нийттэй харилцах алба ажлаа сайн хийж байсан нь олон нийтийн үймээн, паникийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн судлаач нар үзсэн байна. Мөн Эпидемиологийн удирдлагын төв нь мэс заслын маск 44 сая, 1.9 сая N95 маск, 1100 тусгаарлах өрөө бэлэн байгааг 1 сарын 20 гэхэд л олон нийтэд мэдэгдсэн байна. Тайвань маш яаралтай олон арга хэмжээ авч, бодит удирдлагын төв байгуулан ажиллуулснаар халдвараас маш сайн сэргийлж чадсаар байгаа ажээ.


Дэлхий даяар коронавирусын халдвар нэн хурдацтай тархан нийт 100 гаруй улсуудад халдварын тохиолдолд бүртгэгдээд байна. Одоогоор Монгол улсад халдварын тохиолдол бүртгэгдээгүйг албаны хүмүүс мэдээлсээр байгаа билээ. Зарим орны хэвлэл мэдээлэлд Монгол улсын засгийн газар шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай авснаар тахлын голомттой хиллэдэг манай улсыг халдвараас сэргийлж чадаж байна хэмээн сайшаажээ. Харин бид бүхэн улс орныхоо, засгийн газар, онцгой байдал, эрүүлийн мэндийн салбар, төрийн албаныханы хичээл зүтгэлийг талаар болгохгүйг хичээн иргэн бүр дор бүрнээ хөл хорионы дүрэм, ариун цэврээ чандлан сахицгаая. #Coronavirus #Коронавирус


Эх сурвалж:       https://fsi.stanford.edu/


https://gisanddata.maps.arcgis.com/


Мэдээ бэлтгэсэн: А.Мөнх-Эрдэнэ, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн



Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө