ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ, ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН САЛБАР БЭЛЧЭЭРИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЯНАХ ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ГЗМС, ЗТС-ын салбар нь БНХАУ-ын ХАА-н Их Сургууль, Хятадын IT инженерийн KQ GEO technologies компанитай хамтран “Монгол-Хятад-Орос гурван улсын эдийн засгийн коридорын дагуух сүүлийн 20 жилийн хугацаан дах орон зай цаг хугацааны бэлчээрийн өөрчлөлтийг олон хэмжээст хиймэл дагуулын мэдээнд суурилсан хяналт, мониторинг хийх платформ байгуулах” олон улсын хамтарсан төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд бэлчээрийн өөрчлөлтийг хянах платформыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ГЗМС, ЗТС-ын салбарын дарга, доктор М.Уртнасангаар удирдуулсан тус салбарын судлаачдын баг Монгол орны Зүүн бүсийн бэлчээрт нөлөөлж буй байгаль, нийгэм эдийн засгийн сүүлийн 20 жилийн нөхцөл байдал, бэлчээр ашиглалтын талаарх хээрийн болон суурин судалгааг хийхээс гадна Хятадын судалгааны багтай хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг 2023, 2024 онуудад Бээжин хотын ХАА-н Их Сургууль дээр зохион байгуулж, судалгааны үр дүнгүүдийн талаар илтгэл хэлэлцүүлэн санал солилцон ажилласан.
Зайнаас тандан судлалын өгөгдөл болон хээрийн хэмжилтийн мэдээнд суурилсан тус платформыг хөгжүүлснээр бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийг нарийвчлан тооцож, дүн шинжилгээ хийх, зураглах ач холбогдолтой юм. Түүнчлэн бэлчээрийн доройтол, өөрчлөлтийг хянах, үр дүнд суурилсан шийдвэр гаргах, бүтээмжийг нэмэгдүүлэх, улмаар тогтвортой газрын менежментийг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалах судалгааг дэмжих зэрэг сайн нөлөөтэй болно.
Бусад мэдээлэл