Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид iBoat 12 UAS төхөөрөмжийн сургалтад амжилттай хамрагдлаа
2025 оны 10-р сарын 10–12-ны өдрүүдэд “Инженер Геодези” ХХК болон ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран Hi-Target брэндийн iBoat 12 UAS төхөөрөмжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
“Hi-Target-ийн iBoat 12 UAS” төхөөрөмж нь хэт авианы (акустик) системийн тусламжтайгаар 200 м хүртэлх гүний усны батиметрийн хэмжилт хийж, 10 см нарийвчлалтай өгөгдөл боловсруулдаг дэвшилтэт технологи юм. Энэхүү систем нь нуур, голын усны түвшин, гүний хэлбэлзэл, ёроолын бүтэц зэрэг гидрологийн судалгаанд өргөн ашиглагдах боломжтой.
Сургалтын хүрээнд Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбар, Физик газарзүй салбар, Усны нөөц, ус ашиглалтын салбарын судлаачид iBoat 12 UAS болон HDLite төхөөрөмжийн бүтэц, ажиллагаа, өгөгдөл боловсруулах аргачлал зэрэг онолын болон практикийн хичээлд хамрагдсан. Налайх дүүргийн Бүс нуур болон Туул голын орчимд хээрийн туршилтын хэмжилт хийж, усны гүний судалгааны өгөгдлийг цуглуулан боловсруулж, шинжилгээний аргачлалд дадлагажсан байна.
Сургалтын зорилго нь судлаач нарыг орчин үеийн дэвшилтэт хэмжилтийн багаж, системтэй танилцуулж, эдгээрийг экологийн болон гидрологийн судалгаанд үр ашигтай ашиглах ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад байгаль орчны болон усны нөөцийн мониторингийн орчин үеийн арга зүйг нутагшуулах чухал алхам боллоо.
Бусад мэдээлэл