Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“TREEON 2025” МОД ТАРИХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“TREEON 2025” МОД ТАРИХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол орны ойн санг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх зорилгоор Таванбогд ББСБ нь ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон Ногоон Ази ТББ-тай хамтран, 2030 он гэхэд 1 сая хүртэлх мод тарьж, ургуулах зорилготойгоор “TreeOn” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. “PayOn” аппликейшныг гар утсандаа суулгаад “TreeOn” цэсийг идэвхжүүлснээр та өдөр тутмын алхалт болон хугацаандаа төлсөн зээл бүрээрээ ус цуглуулж, тэрхүү усаар виртуал орчинд тарьсан модоо өсгөж ургуулах боломжтой. Харин таны виртуал мод бүрэн ургасны дараа бодитоор Булган аймгийн Рашаант сумын Элсэнтасархай болон Төв аймгийн Баянхангай суманд тарьж ургуулах боломжтой. Мод тарих ажлыг судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр, технологийн дагуу гүйцэтгэх нь чухал болохыг энэхүү төслийн үр дүн харуулж байна. Өнөөдрийн байдлаар “TreeOn” төслийн хүрээнд тарьсан 1000 гариу мод, 99%-ийн амьдралттай ургаж байна.


“TreeOn 2025” намрын мод тарих өдөрлөг нь Булган аймгийн Рашаант сумын Элсэнтасархайд байрлах ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын “Цөлжилтийг сааруулах туршилт, судалгааны төв”-ийн туршилтын талбайд, 2025 оны 09 сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн арга хэмжээнд Рашаант сумын ЗДТГ болон Хөгнө-Тарна байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, орон нутгийн иргэдтэй “TreeOn” болон Цөлжилтийн судалгааны эрдэм шинжилгээний ажилчид оролцож, нийт 400 тооны мод, сөөгийг тарьж ургуулав. Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь анхны “TreeOn” төслийн талбай нь ногоон төгөл болон дэлгэрснээр, Элсэнтасархайн элсэн манхан дунд “TreeOn 2” төглийг шинээр эхлүүлсэн явдал байлаа.


“TreeOn” төслийн талбайд суулгац болон усалгааны системийг бэлдсэн байдал

“TreeOn 2025” мод тарих өдөрлөгийн оролцогчид хамтдаа мод суулгаж буй нь байдал

 

Мэдээ бэлтгэсэн:  Цөлжилтийн судалгааны салбарын ЭШДэА, Ш.Сайнзаяа


Бусад мэдээлэл