"ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ-НОГООН ИРЭЭДҮЙ" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ДАЛАНЗАДГАД ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол орны хуурай, гандуу бүс нутагт тулгамдаж байгаа цөлжилт, газрын доройтлын асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, манай орны төдийгүй олон улсад амжилттай хэрэгжиж буй сайн туршлагыг харилцан хуваалцах, нийтэд таниулах болон орон нутагт инновацыг нэвтрүүлэх гарч шийдлийг хэлэлцэх зорилгоор “Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Өмнөговь аймгийн Даланзадгад хотод, 2025 оны 10 сарын 03-наас 04-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хурлын ерөнхий зохион байгуулагчаар БОУАӨЯ, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Оюу толгой ХХК, хамтран зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн ажиллав.
Энэхүү хурал нь Монгол улсад 2026 онд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) COP17 хурлыг угтаж байгаагаараа онцлог бөгөөд, манай орны үүрэг, хувь нэмрийг тодотгож, олон улсын хамтын хүчин чармайлтад хувь нэмэр оруулахыг зорьсон. Эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн болон салбар хуралдаанаар үргэлжилж, Австрали, БНХАУ, Япон, Франц, Монгол улсын эрдэмтэн, судлаачдын 200 гариу төлөөлөгчид оролцож, шинэхэн судалгааны үр дүн, шийдлийг агуулсан 27 аман илтгэл, 40 орчим ханан илтгэл хэлэлцсэн. Илтгэлд цөлжилт, газрын доройтлын асуудлууд, тэр тусмаа цөлжилттэй тэмцэх шинжлэх ухааны үндэслэл, усны нөөцийн инженерийн шийдэл, хиймэл дагуул болон хиймэл ою
унд суурилсан мониторингийн аргачлал, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах болон цөлжилттэй тэмцэх технологи зэрэг сэдвүүд зэрэг өргөн хүрээг хамруулсан байна. Хурлын үеэр байгууллагын танилцуулга, гэрэл зургийн үзэсгэлэн, ханан илтгэл танилцуулагдаж, “Боломжуудыг нээцгээе – Unlock Opportunities” уулзалт салбар хуралдаан, “Монголын тэгш өндөрлөгийн газрын доройтлыг сааруулах мониторинг, оролцооны онлайн хэрэгсэл” танхимын сургалт, Даланзадгад хотын “Агро ойжуулалтын талбай”-тай танилцах аяллыг зохион байгуулав. Хуралд ирсэн бүтээлийн хураангуйг эмхэтгэл болгон хэвлэсэн бөгөөд, шалгарсан эрдэм шинжилгээний өгүүллийг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн “Монгол орны Газарзүй-Геоэкологийн асуудал” сэтгүүлийн тусгай дугаарт хэвлэгдэнэ. “Цөлжилтийн эсрэг – Ногоон ирээдүй” олон улсын бага хурал нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид говь, цөлийн бүсийн байгаль орчин, нийгмийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, уламжлал болон зохион байгуулагдах юм.


Бусад мэдээлэл