Вэбсайтын цэс
Хэлний сонголт
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ЭРСДЭЛ, ЭМЗЭГ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ, ДАСАН ЗОХИЦОХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТЫГ ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ЭРСДЭЛ, ЭМЗЭГ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ, ДАСАН ЗОХИЦОХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТЫГ ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэн нь БНХАУ-ын ШУА-ын Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнтэй хамтран Даян дэлхийн өөрчлөлтийн судалгааны Ази, Номхон далайн сүлжээ (APN) байгууллагын дэмжлэгтэйгээр  “Монгол ба Хятадын нийгэм, эдийн засгийн эмзэг байдлын үнэлгээ ба бодлогын дүн шинжилгээнд суурилан орон нутгийн дасан зохицох төлөвлөгөөг бэхжүүлэх нь (Strengthening local adaptation plans through integrating socio-economic vulnerability assessment and policy gap analysis in Mongolia and China (CRRP2022-09MY-Myagmarsuren)) сэдэвт судалгааны төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд, 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн салбарын дарга доктор М. Алтанбагана, холбогдох судлаачид Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчны газар, МУИС-ийн Баруун бүсийн экологийн судалгааны төвтэй хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдлын үнэлгээ ба орон нутгийн түвшинд дасан зохицох  чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт оролцогч талуудыг хамарсан хурал, сургалтыг зохион байгууллаа. Энэхүү хурлын зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээний үр дүн, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогын анализын үр дүн, санал зөвлөмжийг танилцуулж, орон нутгийн түвшинд бодлого боловсруулагч, мэргэжилтэн, судлаач, иргэд, малчдыг чадавхжуулах, оролцогч талуудыг хамруулсан бодлогын нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд оршино.

Хурлын үеэр судалгааны багаас доктор М. Алтанбагана, доктор Д.Лавдмаа, Г.Саруул нар судалгааны үр дүнгээр илтгэл тавьж, аймгийн түвшинд дасан зохицох чиглэлээр мэдлэг мэдээлэл, санал зөвлөмжийг өгсөн бөгөөд Ховд аймгийн Байгаль орчны газрын дарга Ч.Нэргүй, мэргэжилтэн А.Цэен-Ойдов, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.Энхзаяа, МУИС-ийн Баруун бүсийн экологийн судалгааны төвийн захирал З.Бурмаа нар уур амьсгалын өөрчлөлт болон хүрээлэн буй орчны чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, судалгааны талаар танилцуулга хийв. Хурлын 2-р хэсэгт, нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлж, орон нутгийн мэргэжилтэн, судлаачид болон иргэдээс асуулт, санал шүүмжийг авч, цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцов.



Бусад мэдээлэл