Эхлэл
Шинэ Мэдээ
FengYun-3 хиймэл дагуулын өгөгдлыг ашиглан газрын гадаргын температурын хоногийн өөрчлөлтийг дэлхийн хэмжээнд өндөр нарийвчлалтайгаар зураглах боломжтой боллоо.
FengYun (FY) цувралын цаг уурын хиймэл дагуулуудыг БНХАУ-ын Цаг уурын алба (CMA) болон Үндэсний сансрын удирдлагын газар (CNSA)-тай хамтран хөгжүүлж, үе шаттайгаар хөөргөсөн бөгөөд эдгээр нь цаг уурын ажиглалт болон уур амьсгалын мониторингийн чиглэлээр өндөр ач холбогдолтой юм. Тухайлбал, FY-3A (2008 оны 5 дугаар сар), FY-3B (2010 оны 11 дүгээр сар), FY-3C (2013 оны 9 дүгээр сар), FY-3D (2017 оны 11 дүгээр сар), FY-3E (2021 онд) хиймэл дагуулууд амжилттай хөөрч, ажиллагаанд орсон бөгөөд эдгээр нь туйлын тойрог замд (polar-orbiting) байршин, дэлхийн уур амьсгалын төлөв байдал, цаг агаарын динамикийг өндөр нарийвчлалтайгаар хянах боломжийг бүрдүүлж байна.
Зураг 1. FY-3A сансрын хөлгийн бүдүүвч зураг
Тус хиймэл дагуул нь 836.4 км-ийн тойрог замын өндөрт, 98.75°-ийн хазайлттайгаар нисэж, ойролцоогоор 101.49 минутын хугацаанд эх дэлхийг нэг бүтэн тойрон зураглах чадвартай юм. Энэхүү хиймэл дагуул нь нийт 12 сенсороор тоноглогдсон бөгөөд тэдгээрийн нэг болох Микро долгионы цацрагийн зураглагч (Microwave Radiation Imager, MWRI) сенсор нь дэлхийн газрын гадаргын температур (LST)-ийг өдөр, шөнө, үүлшил, цаг агаар, атмосферын нөхцөлөөс үл хамааран өндөр нарийвчлалтайгаар зурагладаг байна. LST-ийн судалгаа нь цаг уурын урьдчилсан мэдээний нарийвчлал, хотжилт болон "Хотын дулаан арал"–ын (Urban Heat Island) үзэгдлийн нөлөөлөл, усны нөөцийн менежмент, хөдөө аж ахуйн төлөвлөлт, экосистемийн мониторинг, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, мөн уур амьсгалын өөрчлөлтийн шинжилгээнд зайлшгүй шаардлагатай үндсэн үзүүлэлтүүдийн нэг юм.
Судалгааны үр дүнгээс үзэхэд, FY-3 хиймэл дагуулын MWRI мэдрэгчээр тооцоолсон LST нь газрын суурин ажиглалтын хэмжилттэй 0.87 ба түүнээс дээш хамааралтай гарсан бөгөөд дунджаар зөвхөн ±4 К-ийн алдаатай байжээ. Мөн энэхүү LST-ийн тооцоолол нь түгээмэл хэрэглэгддэг MODIS болон ERA5 хиймэл дагуулын өгөгдөлтэй өндөр нийцтэй байгааг харуулсан байна. Тодруулбал, FY-3 хиймэл дагуулын мэдээнээс тооцоолсон LST нь MODIS хиймэл дагуулын өгөгдөлтэй харьцуулахад хоногийн температурын хэлбэлзэл бага, мөн температурын оргил цаг илүү хойш шилжих хандлагатай байгааг тогтоосон нь хөрсний дулааны инерц өндөр байгааг харуулжээ. Энэ нь усны нөөцийн загварчлал болон уур амьсгалын загваруудын тооцооны нарийвчлалыг сайжруулахад эергээр нөлөөлдөг байна. Мөн FY-3 хиймэл дагуулын B, C, D цуваа нь 24 цагийн температурын мөчлөгийг илүү нарийвчлалтайгаар тооцоолох боломжийг олгож, дундаж алдааг 5.2 К хүртэл бууруулсан нь өдөрт дөрвөн удаагийн ажиглалт хийдэг MODIS мэдээнээс илүү өндөр цаг хугацааны нарийвчлалтай болохыг харуулж байна. Үүний үр дүнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дулааны долгион, ган гачиг, экосистемийн хариу үйлдлийг илүү үр дүнтэй хянах, үнэлэх боломж бүрдэж байна. Зураг 2. FY-3 хиймэл дагуулын цуваанаас MWRI мэдрэгчээр олон давтамжаар хийсэн ажиглалтад үндэслэн боловсруулсан газрын гадаргын температурын (LST) хэмжилтүүд.
Мэдээг бэлтгэсэн: Б.Бямбадолгор, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн
Эх сурвалжууд:
https://phys.org/news/2025-07-satellite-scale-surface-temperature-components.html#google_vignette
https://www.eoportal.org/satellite-missions/fy-3#mission-capabilities
Yifan Lu et al, Improved satellite-scale land surface temperature components retrieval with hotspot effect correction and temperature difference constraints, Remote Sensing of Environment (2025). DOI: 10.1016/j.rse.2025.114794
Бусад мэдээлэл