Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ФИЗИК ГАЗАРЗҮЙ, ОРЧИН СУДЛАЛЫН САЛБАР”–60 ЖИЛ ТҮҮХЭН ТОВЧООН БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ.
“ФИЗИК ГАЗАРЗҮЙ, ОРЧИН СУДЛАЛЫН САЛБАР”–60 ЖИЛ ТҮҮХЭН ТОВЧООН БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ.

“Физик газарзүй, орчин судлалын салбар”–60 жил, түүхэн товчоон бүтээлийг Газарзүй, Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 60, 25 жилийн ой, нэрт газарзүйч, төрийн шагналт, академич Шагдарын Цэгмидийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан тус хүрээлэнгийн ууган салбарын нэг Физик газарзүй, орчин судлалын салбарын эрдмийн хамт олон эмхэтгэн олны хүртээл болгоод байна.


Уг бүтээл нь 4 бүлэг, 170 орчим гэрэл зураг, 210 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийн зураг, 60 гаруй газрын зураг бүхий нийт 304 хуудастай.

Энэхүү бүтээлийн оршил хэсэгт Физик газарзүй, орчин судлалын салбарын товч танилцуулга, гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар тоймлон оруулсан бол нэгдүгээр бүлэгт Монгол Улсын Төрийн шагналт, академич Шагдарын Цэгмидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний амьдрал, үйл хэргийн талаар тоймлон, холбогдох гэрэл зургийн хамт оруулсан юм.


Хоёрдугаар бүлэгт түүхт 60 жилийн (1962–2022 он) хугацаанд Монгол оронд физик газарзүйн судалгаа хэрхэн хийгдэж ирсэн тухай мэдээллийг тоймлон дурдаад, судалгааны түүхийг 9 дэд сэдвийн хүрээнд танилцуулж голлох үр дүнгийн зургуудыг хавсарган нэмэлтээр оруулж өгсөн. Харин гуравдугаар бүлэгт тухайн салбараас төрөн гарсан эрдэмтэд болон 80 гаруй эрдэм шинжилгээний ажилтнуудын тухай танилцуулгыг орууллаа.


Эмхэтгэлийн дөрөвдүгээр бүлэгт тус салбарт хэрэгжиж байсан суурь судалгааны төсөл, эрдэм шинжилгээний тайлан болон голлох бүтээлүүдийн танилцуулгыг холбогдох зургийн хамт оруулсан нь газарзүйн судалгааны хөгжил ямар түвшинд, хэрхэн хөгжиж буйг харах боломжийг залуу судлаач, физик газарзүй сонирхогч оюутан, багш нарт олгохыг зорьсон болно.


Түүнчлэн тус бүтээлийн хавсралт хэсэгт судлаачдын түүхэн гэрэл зураг, салбарын түүхэн мэдээллүүдийг хүснэгтээр үзүүллээ.

Энэхүү бүтээлийг олон нийтэд хүртээлтэй байлгах үүднээс Төв номын сан болон Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, МУИС, МУБИС–ийн номын сангуудаар тараагдсан тул та бүхэн эдгээр номын сангуудаар үйлчлүүлэн тус бүтээлийг сонирхон унших боломжтой.

  

 

 

 

Мэдээг бэлтгэсэн:

ШУА, Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбар

2022.10.18


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө