“ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ, ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН ОРЧИН ҮЕИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ, ШИНЭ ШИЙДЭЛ – 2026” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Олон улсын Газарзүйн мэдээллийн системийн өдөр (GIS Day)-ийг тохиолдуулан ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбар, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн системийн профессорын баг, Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн судалгааны лаборатори (GEO-iLAB) болон “Зэт ланд капитал” ХХК хамтран “Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын орчин үеийн шинэ технологи, шинэ шийдэл-2026” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Тус хурал 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр МУИС-ийн Номын сангийн танхимд зохион байгуулагдав. Энэ жилийн хурал нь МУИС-ийн Газарзүйн тэнхимийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Хурлын үндсэн зорилго нь газарзүйн шинжлэх ухааны онол, арга зүй, хэрэглээний судалгааг хөгжүүлэх, ГМС, ЗТС болон гео-орон зайн мэдээллийн технологийн шинэ дэвшил, инновацад суурилсан судалгаа, бүтээлч санаа, шинэлэг шийдлийг дэмжихэд чиглэв. Түүнчлэн байгаль орчин, нийгэм, орон зайн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан шийдвэрлэхэд оюутан, залуу судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, судалгааны арга зүй, эрдэм шинжилгээний бүтээлч сэтгэлгээ, илтгэх ур чадварыг хөгжүүлэхэд оршино.

Хуралд их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудаас ирүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс шалгарсан шилдэг 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
Түүнчлэн хурлын хүрээнд зочин илтгэгчээр Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан А.Золзаяа “Төмөр боловсруулах үйлдвэрийн тохиромжтой байдлын үнэлгээнд мэдрэмжийн шинжилгээ хийсэн үр дүн”, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан О.Ерөөлт “Газрын бүрхэвчийн ангиллын зайнаас тандан судлалын технологи” сэдвээр тус тус зочин илтгэл танилцууллаа.

Хурлын шилдэг илтгэлүүд:
- Тэргүүн байр: МУИС-ийн Газарзүйн тэнхимийн Хот ба бүс нутаг төлөвлөлтийн 3-р түвшний оюутан Б.Олуйхан, “Улаанбаатар хотын өвлийн NO2 ба CO-ийн орон зай, цаг хугацааны тархалт: Sentinel-5p, Era5 ба адвекц-диффузийн загварт суурилсан үнэлгээ”,
- Дэд байр: МУИС-ийн Газарзүйн тэнхимийн Байгаль орчны зайнаас тандан судлалын 3-р түвшний оюутан А.Ариунсанаа, физикийн 3-р түвшний оюутан М.Саруулбилиг нар “Олон эх сурвалжийн зайнаас тандан судлалын өгөгдөл болон машин сургалтын аргад суурилсан уул уурхайн бүс нутгийн шороон шуурганы эрсдэлийн орон зайн загварчлал”,
- Гуравдугаар байр: МУИС-ийн Газарзүйн тэнхимийн Байгаль орчны зайнаас тандан судлалын 4-р түвшний оюутан Л.Амин-Эрдэнэ “Олон эх үүсвэрийн гео-орон зайн өгөгдөл болон GeoAI аргаар Монгол орны хаврын шороон шуурга үүсэх магадлалыг зураглах нь” сэдвээр тус тус шалгарлаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь эрдэм шинжилгээний бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх, шинэ санаа солилцох, цаашдын хамтын судалгааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.
#GISDay2026 #ГазарзүйнСалбар70 #ГМС #ЗайнаасТанданСудлал #ШУА-ГГХ
Бусад мэдээлэл