2024 оны 8-р сарын 16-ны өдөр сансрын уудмыг шинжлэн судлах салбарт Planet хэмээх нэрээр алдаршсан АНУ-ын Planet Labs PBC байгууллага Space X компанитай хамтран өндөр чанарын үзүүлэлт бүхий дүрс мэдээ хүлэн авах Tanager-1 хайперспектрийн хиймэл дагуулыг 36 SuperDove (3U-Cubesat)-ын хамт амжилттай хөөргөж, тойрог замд орууллаа. Зураг 1-д сансрын уудам дахь Tanager-1 хиймэл дагуулын зургийг харуулав. SuperDove нь олон сувгийн мэдээ хүлээн авах бөгөөд сансарт ажиллаж байгаа бусад дагуулуудын хамтаар дэлхийн гадарга дээрх өөрчлөлтийг судлах, байгалийн нөөцийн менежмент, хүрээлэн буй орчны мониторинг хийх зэрэгт ихээхэн дэмжлэг болох юм.
Задгай сансар дахь Tanager-1 хиймэл дагуул.
Planet Labs PBC нь АНУ-ын НАСА байгууллагын 3 эрдэмтэн 2010 онд хамтран байгуулсан компани бөгөөд дэлхий орчмыг ажиглах зориулалт бүхий хиймэл дагуулуудыг зохион бүтээхээс гадна, хэрэглэгчдэд зориулан мэдээ, мэдээлэл дамжуулахад шаардлагатай онлайн программ хангамж, технологийн шийдлүүд болон дүн шинжилгээний аргуудыг боловсруулдаг. Янз бүрийн байгууллагын мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчид шинэ технологи боловсруулах болон бусад олон асуудлыг шийдвэрлэхийн тулд, тус компанийн өгөгдлүүд, түүнчлэн машин сургалтад суурилсан өндөр түвшингийн аргуудыг ашигладаг байна.
Хиймэл дагуул дээрх сенсор нь цахилгаан соронзон долгионы хөх, ногоон, улаан, ойрын нэл улаан, дундын нэл улаан туяаны мужуудад буюу 400нм-2500нм зурваст 5нм-ийн интервалтай, 30м-ийн оронзайн шийдтэй 400 гаруй сувгийн дүрс мэдээг 18км-ийн өргөн зурвасаар хүлээн авахаас гадна, зарим төрлийн хүлэмжийн хийг хэмжих зориулалттай болно.
Landsat, Spot, Sentinel зэрэг олон сувгийн уламжлалт хиймэл дагуулын мэдээтэй харьцуулахад, өндөр нарийвчлал бүхий 400 гаруй сувгийн тоон мэдээг 7 хоног тутам хүлээн авсанаар (хайперспектрийн ба олон сувгийн мэдээний онцлогийг харьцуулан Зураг 2-т үзүүлэв), уудам тэнэгэр нутагтай манай орны хувьд ой, бэлчээр, хээрийн ургамлын төлөв байдлыг ихээхэн үр дүнтэй үнэлэх, хортон шавьжийн хүрээ ба нөлөөг тогтоох, усны чанарыг шинжлэх, геологийн биетүүд, ашигт малтмалын нарийвчилсан судалгаа, тариалангийн болцыг тодорхойлох, байгалийн нөөц, хүрээлэн буй орчны мониторинг хийх зэрэгт ихээхэн шинэ боломжууд бий болох юм.
Зураг 2. Xайперспектрийн ба олон сувгийн мэдээний онцлогууд.
Зураг 3. Пакистан улсын Карачи хотын хайперспектрийн зургууд.
Tanager-1 хиймэл дагуулыг хөөргөсөн цагаас хойш өнгөрсөн 7 хоногийн дунд үеийг хүртэл нислэгийн удирдах төвийн мэргэжилтнүүд хэд, хэдэн хайперспектрийн болон нүүрстөрөгчийн тархалтын мэдээг хүлээн аваад байна. 2024 оны 9-р сарын 19-нд хүлээн авсан Пакистан улсын Карачи хотын хайперспектрийн мэдээний сувгуудыг ашиглан үүсгэсэн байгалийн болон хуурмаг өнгөт дүрс зургуудыг Зураг 3-д харуулсан бол 2024 оны 9-р сарын 2-нд хүлээн авсан Манхаттены Төв цэцэрлэгт хүрээлэн дэх нүүрстөрөгчийн тархалтын зургийг Зураг 4-д үзүүлэв.
Зураг 4. Манхаттен дахь Төв цэцэрлэгт хүрээлэнгийн
нүүрстөрөгчийн тархалтын зураг.
Мэдээг бэлтгэсэн: Д.Амарсайхан, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн
Эх сурвалжууд: