Монгол Улсын Зөвлөх Инженер, Доктор (Ph.D), ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Эрдэм
Шинжилгээний Тэргүүлэх Ажилтан Лүнтэн
овогтой Жанчивдорж 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас таалал
төгсөж хүнд гарз тохиолоо.
Лүнтэн овогтой Жанчивдорж нь 1948 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт төрж, 1957-1964 онд Бигэр сумын 7 жил, 1964-1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын арван жилийн дунд сургуулийг төгсөн улмаар Монгол Улсын Их Сургуулийн Барилга Инженерийн факультетэд элсэн орж инженер- гидротехникчийн мэргэжил эзэмшсэн байна.
Л.Жанчивдорж 1999 онд “Монгол орны газар тариалангийн Төв
бүсэд чихрийн манжин тариалах хөрсний чийгшлийн зохистой горим” сэдвээр
газарзүйн ухааны докторын /Ph/ зэрэг хамгаалжээ.
Л.Жанчивдорж нь Москва хотын Усны аж ахуйн дээд сургуулийн мэргэжил дээшлүүлэх курс /1985/, Монголын удирдах ажилтны Институт /1983/, Японы Куботагийн насос зохион бүтээх, ашиглах сургалтын институт /1990/, БНХАУ-н Сужоугийн байгаль хамгаалах их сургууль /1997/, БНХАУ-н Цөл судлалын хүрээлэн /2002/, Япон – Солонгосын усны экологийн олон улсын курс/2003/, Английн хатан хааны Бельфастийн их сургуульд /2006/ байгалийн изотопийг усны судалгаанд ашиглах, мөн БНСУ-н ойн газрын ойжуулалт, цөлжилтийг сааруулах зэрэг олон сургалтад хамрагдан тус тус төгссөн, бэлтгэгдсэн мэргэжилтэн байлаа.
Л. Жанчивдорж нь 1972-1974 онд Архангай аймгийн Усны Аж Ахуйг Удирдах газрын орлогч дарга-ерөнхий инженер, 1974-1976 онд Усны Аж Ахуйн Яамны усны барилгын хэлтэст мэргэжилтэн, 1977-1978 онд мөн яамны хайгуул төслийн дарга, 1978-1988 онд Усны хайгуул төсөл эрдэм шинжилгээний институтэд ерөнхий инженер, 1988-1990 онд Хөдөө аж ахуй, Хөнгөн, Хүнсний Үйлдвэрийн Яамны Усны аж ахуйг удирдах газрын дарга, 1990-1991 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн референт, 1991-1997 онд Усны бодлогын хүрээлэн, 1997-2015 онд ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгий Усны нөөц, ус ашиглалтын салбарын дарга, 2015 оны шинэчилсэн зохион байгуулалтаар Газарзүй-Геоэкологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, төслийн удирдагчаар ажиллаж байв.
Л. Жанчивдорж нь эзэмшсэн мэргэжлээрээ
46 жил усны салбарт тасралтгүй ажиллахдаа усны нөөцийн хайгуул судалгаа,
зураг төсөл, эрдэм шинжилгээ, усны барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах,
бэлчээр усжуулах, услалтын байгууламж байгуулах, тариаланчдад туслах зэрэг бүх
үе шатны ажилд гар бие оролцон усны нөөцийн үнэлгээ, экологийг хамгаалах цуврал
суурь судалгааны төслийн удирдагчаар ажиллаж эрдэм шинжилгээний ажлаа хийхээс
гадна залуу судлаачдын эрдмийн ажлыг удирдан хойч үеийг бэлтгэхэд бүхий л ухамсарт амьдралаа зориулж явсан
судлаач, инженер, эрдэмтэн юм.
Усны салбарын нэгэн оргил үе болох 1971 оноос хойших 20 жилийн хугацаанд тус
орны бэлчээр усжуулалтын үзүүлэлт 64.5%-д хүрч инженерийн хийцтэй услалтын
системийн талбай 50 мян.га болсон бөгөөд 145 услах байгууламжийн 80%-д нь гар
бие оролцсон нь усалгаатай газар тариалангийн хайгуул төсөл, барилга угсралтын
болон барилга угсралтын байгууллагуудын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэхэд үнэтэй
хувь нэмэр оруулсныг илтгэнэ. Тэрээр усны салбарт, Монгол орны байгаль цаг
уурын нөхцөлд зохицсон шинэ техник, технологийг зураг төслөөр дамжуулан
үйлдвэрлэлд нэвтрүүлж, олон зуун байгууламжийн зураг төслийн техникийн шийдэл
боловсруулахад оролцон хэрэгжүүлсэн байна.
Доктор Л.Жанчивдорж нь ЗХУ, Унгарын
мэргэжилтний групп бүхий 200 гаруй ажилтантай эрдэм шинжилгээ, зураг төслийн
институтийн ерөнхий инженерээр 10 жил тасралтгүй ажиллах хугацаандаа залуу инженерүүдийг итгэлцэлийн баримжаанд
сургаж, 160 гаруй монгол, 40 гаруй гадаадын инженерүүдтэй ажиллаж хамтын олон
зуун бүтээл туурвиж явжээ. Орос, Унгарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор тус
орны усны нөөцийг хамгаалах, ашиглах болон тэргүүний технологийг Монгол оронд
нутагшуулах чиглэлээр олон жил ажиллаж сав газрын усны нөөцийн менежментийн
шинэ хувилбарын загвар болох Хэрлэн гол, Ховд гол, Их нуурын хотгор, Сэлэнгэ
мөрөн, Говийн хойд хэсэг, Алтайн цаад говь, Онон, Улз, Халх голын сав нутгийн
усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах 6 цуврал схемүүдийг боловсруулах ажлыг
удирдан зохион байгуулж, атласын ерөнхий редактораар ажилласнаас гадна хөгжлийн
концепцийн олон баримт бичиг боловсруулсан байна.
Эдгээр цуврал бүтээлийг Монгол Улсын 20-р зууны Шинжлэх Ухааны шилдэг 16
бүтээлийн нэгээр шалгаруулан Улсын Их хурлын дэргэдэх бодлогын шинжилгээний
төв, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монголын залуу үеийн ассоциациас Их
хурлын даргын ивээл дор өргөмжлөл үзүүлж, сонгомол бүтээлийг хэвлүүлэх боломж олгосон
билээ.
Дэлхийн усны эргэлтийн явцад хуурайших, чийг нь тунадаснаасаа давамгай
байгалийн нөхцөл нь нэн эрс тэс уур амьсгалын өгөгдөлтэй Монгол орны усны
менежментийн суурь ойлголтыг хөрс, ургамлын байгалийн чийг хангамшлын чадамжаар
үнэлэх арга боловсруулж, дэлхийн хуурайшлын чиг хандлагаас борооны тариалангийн
үр дүн муудаж байгааг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах оролдлого хийж, Монгол
орны нутаг дэвсгэрийн байгалийн чийг хангамшлын нөхцлийг харьцуулан судалсны
дүнд байгалийн чийгээр хангагдах боломжоор мужлан, муж бүрт усалгааны хэрэгцээг
тооцоолох аргачлалыг анх удаа боловсруулж, Монголын цөлжилтийн байгалийн
нөхцлийн шалгуурыг тогтоосон юм.
н. Жанчивдорж нь БОЯ-ны Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны гишүүнээр
ажиллаж, цөлжилт хуурайшлын шалтгаан нөхцлийн гол асуудал нь усны хомсдол,
чийгийн дутагдал гэдгийг Шинжлэх ухааны үндсэн дээр нотлон, хамгаалах арга
замын талаарх хэд хэдэн цуврал бүтээл гаргаж, Монгол орны байгалийн чийг
хангамшлын зураг, усалгаатай тариалангийн хөгжлийн концепцийг боловсруулж
хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгосон билээ.
Л.Жанчивдорж нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний экспертээр 2008-2017
онд ажиллаж, олон арван үнэлгээний тайланд дүгнэлт өгч байгаль орчныг хамгаалах
үйлсэд хүч хөдөлмөрөө зориулсан судлаачийн нэг байлаа.
Л.Жанчивдорж нь Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын
Хилийн усыг хамгаалах, ашиглах хэлэлцээрийг хэрэгжүүлж, хамтарсан комиссын
монголын хэсгийн гишүүнээр олон жил үр бүтээлтэй ажиллаж байжээ.
2009 оноос Монгол-Солонгосын ногоон хэрэм төслийн эрдэмтдийн судалгааны
багт усан хангамж, усалгааны асуудал хариуцсан судлаачаар ажиллан анх удаа 3000
гаруй га талбайг усны нөөц хэмнэх дуслын усалгааны аргаар услах төсөл
боловсруулахад оролцон практик үйл ажиллагаанд хэрэгжүүлжээ.
Олон жилийн судалгааны үр дүнд хуурай гандуу, ус татруу
манай орны онцлогийг гадаад орны нөхцөлтэй харьцуулан дүгнэж, газрын доорх усны
тэжээмж тааруу бүс нутгийн судалгаанд усны изотопын техник, технологи
нэвтрүүлэхэд 30 гаруй жилийн хөдөлмөрөө зарцуулжээ. Уйгагүй олон жил
хөөцөлдсөний ачаар 2017 оноос изотопын лабораторийн лазер-тоног төхөөрөмж
хүлээн авч лаборатори байгуулж эх орондоо судалгаа хийх боломжийг бүрдүүлсэн
байна. Тэрээр экологийн чиг баримжаатай байгалийн нөөц ашиглах, ялангуяа говийн
дарагдмал усны гарал үүслийн талаар онолын судалгаа хийж, тэжээлгүй газрын
хэвлийн усыг зохистой ашиглах асуудлаар харьцуулсан бүтээл туурвижээ. Л.Жанчивдоржийн
амин зорилго нь хүн арддаа цэвэр ус уулгах, ус хэрэглэгчдийн усны хэрэгцээг
байгаль орчинд халгүй шийдэх эрэл хайгуул байсан юм. Насжилттай эртний ус
байгааг ОУАЭА-ийн аргачлалаар илрүүлж, хур тунадас хомс Говь цөлийн бүсийн
газар доорх усны тэжээмж олон жилийн дундаж тунадасны 1-3% болохыг тогтоосон нь
шинжлэх ухаанд чухал хувь нэмэр болжээ.
Л.Жанчивдорж нь Туул голын тасалдал эхэлсэн 1996 оноос Улаанбаатар хотын
усны эх үүсвэрийн чадамжийн судалгааны ажлыг удирдаж анх удаа Японы Цукубагийн
их сургууль /профессор Тадаши Танаки/-тай ЮНЕСКО-ийн “Газар доорх усны
тогтвортой менежмент төслийн танхим”-ыг Геоэкологийн хүрээлэнд, улмаар хотын
усны эх үүсвэрүүд дээр усны түвшний өөрчлөлт, температур, чанарын мониторинг
хийх сүлжээг 14 цэгтэйгээр байгуулж сар бүр хэмжилт хийж өөрчлөлтийг Ус сувгийн
удирдах газар ус ашиглалтын хэмжээтэй харьцуулан судлах ажлыг удирдан зохион
байгуулж голын урсацын 9-н хаврын гачиг үеийн тасалдлын шалтгааныг анх
илрүүлжээ. Энэ төслийн хүрээнд олон судлаачдыг Хятад, Япон улсад сургалт, семинарт
хамруулж, энэ чиглэлээр хэд хэдэн үндэсний төсөл удирдан амжилттай хэрэгжүүлсэн
бөгөөд тухайлбал түүний бичиж, редакторлан хэвлүүлсэн “Туул гол: экологийн
өөрчлөлт, усны менежментийн асуудал” ном 2011 оны Боловсрол Шинжлэх Ухааны
Яамны шилдэг бүтээлээр шалгарч байв.
Л.Жанчивдорж нь Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Геологи-Газарзүйн
бага чуулганы гишүүн, ХХААЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн, Олон Улсын Цөмийн
энергийн Агентлагийн Ази Номхон далайн бүсийн орнуудын усны судалгааны Монголын
үндэсний зохицуулагч, ЮНЕСКО-ийн Монгол Улсын газар доорх усны тогтвортой менежмент
төслийн танхимын тэргүүн, Монголын БОЯ-ны байгаль орчны үнэлгээний мэргэжлийн
зөвлөлийн гишүүн, Усны нөөцийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн Барилга
Инженер Архитектурын Сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн байв.
Л.Жанчивдорж шинжлэх ухаан танин мэдэхүйн болон мэргэжлийн чиглэлээр 50
гаруй ном, товхимол, зөвлөмж бичиж,
барилгын норм ба дүрэм боловсруулахад оролцон, 100 гаруй өгүүллийг
олон улсын болон дотоодын хэвлэлд нийтлүүлж, олон арван илтгэлийг англи
орос хэл дээр хэлэлцүүлж байжээ.
Л.Жанчивдоржийн хөдөлмөрийн идэвхи зүтгэлийг үнэлж 1974 онд МХЗЭ-ийн төв
хорооны шагнал ЗХУ-д жуулчлах эрхийн бичиг, 1980 онд ЗХУ-ын Бүх Холбоотын
Лениний комсомолын шагнал, залуучуудын шинжлэх ухаан техникийн бүтээлийн
медаль, 1981 онд Усны аж ахуйн тэргүүний ажилтан, 1987 онд Унгар улсын Засгийн газрын шагнал
Унгарын Усны аж ахуйн тэргүүний ажилтан, 2001 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2001
онд Ардын хувьсгалын 80-н жилийн ойн медаль, 2003 онд Байгаль хамгаалах
салбарын тэргүүний ажилтан, 2010 онд Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, 2012 онд
Унгар Улсын байгаль орчин Усны яамны Дунай Тиса голын мөнгөн медаль, 2015 онд
ОХУ-н Буриад улсын 90 жилийн ойн медаль, 2008 онд Алтан гадас одонгоор, 2018
онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.
Монгол Улсын Усны салбарын хөгжилд оруулсан асар их хувь
нэмрийг тань хамтран ажиллагсад эрдэмтэн, судлаач, олон арван шавь нар нь үүрд дурсан
санах болно.
Талийгаачийн хань,
үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл
ирлэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРГАА,
ХАМТ ОЛОН