Нийтлэсэн
“Хулдынханы овгийн загас үржүүлэх боломж, туршилт судалгаа” шинжлэх ухаан технологийн төсөл 2012-2014 он
Энэхүү төслийн хүрээнд Хулдынханы овгийн зэвгэ загасыг зориудын аргаар үржүүлэх туршилт судалгааны ажлыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул-Баруун Баян голын бэлчирт 2012-2014 оны 4 сараас 7 сарын хооронд гүйцэтгэн нийт 25.000 ширхэг 3.0 см урттай, 130 мг жинтэй бие даан амьдрах чадвартай жараахайг Баян-Туулын 3-р багийн засаг дарга, малчдын оролцоотойгоор голд тавьж Туул голын загасны нөөцийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалал, нөхөн сэргээх ажилд тодорхой хувь нэмэр орууллаа. Үржилд 500-603 мм урттай, 1216-2115 гр жинтэй эх сүргийг сонгон ашигласан. Зэвгэ загасны атуунаас авсан түрсийг “Врасскийн” хуурай аргаар зохиомлоор үр тогтоон Костын аппаратанд өсгөвөрлөсөн. Судалгааны явцад хөврөлийн хөгжлийн үе шатыг градус/өдрөөр тогтоон гаргасан. Өсгөвөр дэх усны температур 8.7-10.10С-д авгалдайн үе шат 222-269 градус/өдөр (D0),9.9-11.60С-д жарамгайн үе шат 233-279 градус/өдөр (D0), 11.4-12.70С-д жараахайн үе шат 388-436 градус/өдөр (D0) үргэлжилсэн. Манай орны хувьд байгалийн нуур, голын загасны нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, хүн амыг хүнсний уурагт бүтээгдэхүүнээр хангах гол арга бол загасыг зориудын аргаар үржүүлэх явдал бөгөөд уг туршилт судалгааны дүнд хүйтэн усны загасыг зориудын аргаар үржүүлэх технологийг боловсруулан гаргаснаар цаашид Монгол оронд таваарын болон цөөрмийн загасны аж ахуйг хөгжүүлэх боломжийг бүрдүүллээ.
“Монгол орны хөрсний шинэчилсэн ангилал, дижитал зураглал” 2011-2013
Монгол орны хөрсний шинэчилсэн ангиллыг боловсруулахад Хөрс үүсвэрийн үйл явц – Шинж чанар гэсэн зарчмыг баримталж олон улсын (WRB-2006) хөрсний ангиллын шалгуур үзүүлэлтүүдийг түлхүү хэрэглэсэн. Нийт 12 бүлэг 37 хэвшинжид багтах хөрсний 156 төрлийг тодорхойлсон. Уламжлалт хөрсний ангиллын нэршлийг хадгалж үлдсэн бөгөөд газарзүйн шинж чанартай нэршлийг аль болох бага хэрэглэж, өөрчилсөн. Хөрсний шинэчлсэн ангиллын дагуу Монгол орны 1 : 500 000 масштабын хөрсний дижитал зургийг зохиосон. LANDSAT сансрын зургийг суурь болгон ашиглаж зурсан бөгөөд нийт 12800 гаруй хөрсний ялгавартай. Хөрсний дижитал зургийг байнга шинэчлэн сайжруулж байх боломжтой.
“Монгол орны шилмүүст ойн генийн санг хамгаалах, модны үрийн байнгын талбай сонгох судалгаа” шинжлэх ухаан, технологийн төсөл 2011-2013 он.
Ойн үрийн байнгын
талбай сонгох судалгааны хүрээнд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Алтны эрээн,
Алтансудлын ам зэрэг газарт 3 үрийн талбай, Дорнод аймгийн Баян-Уул сумын
нарсан ойд 2 талбай сонгож таксацийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлж, дээж
талбай тус бүрт селекцийн үнэлгээ өгч, үрлэлтийн зэргийг тодорхойлон үрийн
дээжийг бэлтгэх судалгааг гүйцэтгэсэн байна.
Шилмэл мод сонгох судалгааны хүрээнд Төв аймгийн Мөнгөнморьт сумын хушин ойд
шилмэл мод 8-ыг сонгон шилмэл моддын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлон мод тус
бүрээс үрийн дээжийг цуглуулан үрийн чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох
судалгааг гүйцэтгэв. Дамбадаржаа дахь мод үржүүлгийн газарт хүлэмжний нөхцөлд
хуш, нарс, жодооны үрээр тарилт хийх судалгааг гүйцэтгэжээ.
Судалгааны үр дүнд Баруун Хэнтийн тайгын хуш, жодоо бүхий холимог ойн үрлэлтийн
байдалд үнэлгээ өгөхөд сибирь жодооны үрлэлт 2 баллын үнэлгээтэй буюу үрлэлт
багатай буюу титмийн оройн хэсэгт цөөн тооны боргоцой тоологдсон. Селекцийн
үнэлгээгээр хэвийн ой болон модод зонхилон тархаж байна. Сибирь хушны үрлэлтийн
байдалд үнэлгээ өгөхөд 3 баллын үнэлгээтэй буюу гол төлөв нар луу харсан энгэр
ээвэр талд, титмийн дунд болон оройн хэсэгт жигд байрлалтай боргоцой тоологдсон
ба үрлэлтийн байдал дунд зэргийн үнэлгээтэй байсан. Селекцийн үнэлгээгээр хушин
ойд хэвийн модод зонхилон тархаж байна.
“Өвөр Байгалийн ой-ургамалжилтын мужийн ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх экологийн судалгаа” суурь судалгааны сэдэвт төсөл 2008-2010 он
Баруун Хэнтийн нарсан
ойн болон манай орны ойн тархалтын баруун өмнөд хилийн шинэсэн ойн бүтэц,
өсөлтийн онцлог, байгалийн сэргэн ургалт, хүний үйл ажиллагаа болон байгалийн
хүчин зүйлийн нөлөөний өөрчлөгдлийг илрүүлж, ойн аж ахуйн зарим арга хэмжээг
хэрэгжүүлэх үндэслэл боловсруулав. Баруун Хэнтийн нөхцөлд таримал өсвөр нарс
моддын өндөр, диаметр ойжуулалт хийсний дараах эхний 3 жилд харилцан адилгүй
жигд бус өсч, 4 дэх жилээс эхлэн өсөлтийн эрчим нэмэгдэж, харьцангуй жигд өсдөг
байна.
Сэлэнгэ аймгийн Тужийн нарсан ойд үр бэлтгэх 8 дээж талбай тусгаарлаж, моддын
таксацийн үзүүлэлтүүд, тэдгээрийн хоорондох хамаарал, моддын тархалтын зүй
тогтлыг илрүүлж, ойн үр өгөлтийн байдал болон моддын селекцийн үнэлгээ өгөв.
Судалгааны үр дүнгээс үзэхэд, үрийн талбайн моддын тархалт нь 0.2-1.9-ийн
хооронд, ойн дундаж диаметрийн үзүүлэлт 50-69.4% дээр таарч байгаа буюу дундаж
модноос нарийн модны тооны эзлэх хувь их байгааг харуулж байна.
Сэлэнгэ аймгийн Тужийн нарсан ойд явуулсан судалгаагаар янз бүрийн эрчимтэй
түймэрт өртсөн ойн өөрчлөлтийг зайнаас тандан судлах арга ашиглан ойн түймрийн
эрчим, түүнээс үүсэх нөлөө болон түймрийн дараах ойн өөрчлөлтийг үнэлэв.
Түймрийн дараа ойн нөөц, бүтээмж багасаж, ойн сэргэн ургалт, ургамлын
бүлгэмдэлд ихээхэн өөрчлөлт орж байна.Тужийн нарсан ойн Талын нуруу орчимд 1 га
ойн нөөц 53.6%-аар, ойн өтгөрөл 1 дахин, Шаамар орчимд 1 га ойн нөөц 87.9%-аар,
ойн өтгөрөл нь 5.6 дахин багассан үзүүлэлттэй байна. Энэ хорогдлийн гол хүчин
зүйл нь түймэр болон мод бэлтгэл юм. Харин байгалийн сэргэн ургалт маш сайн
байгаа ба цаашид ой үүсэн бий болох боломжтой байна. Түймэрт шатсан ойн
NDVI-ийн утгыг, хэвийн ойн NDVI-ийн утгатай харьцуулахад бага үзүүлэлттэй
байна. Энэ нь ойд маш их өөрчлөлтөнд орсныг харуулж байна.
Хөнөөлт шавжийн нөлөөгөөр улсын ойн нөөцийн 20% нь сүйтгэгдэж, үүний 80% нь 4
зүйл хайрсан далавчтан эрвээхэй ба 2 зүйл цохын хөнөөлд ихээхэн нэрвэгдэж
байна. Сибирийн хүр, өрөөсгөл хүр эрвээхэйн популяцид фермоны мониторингийн
судалгааг тусгай фермент урхийн тусламжтайгаар явуулж, эдгээр шавжийн тооны
хөдлөлзүйд хяналт тавих боломжтойг тогтоолоо. Баруун Хэнтийн Хошуунд (Шарын гол
сум орчим) 72 зүйлийн модлог идэшт шавж илрүүлсэн ба доройтож,
арчилгаа,цэвэрлэгээ явуулах шаардлагатай болсон ойн орчинд модлог идэшт шавжийн
зүйлийн тоо өсч, тэдгээрийн хөнөөл харьцангуй ихсэж байна.
“Хөрсний чанарын үнэлгээний аргачлал” 2008-2010
Хөрсний чанарын үнэлгээ нь газрын үнэлгээний суурь болох чухал үзүүлэлт юм. Хөрсний чанарын үнэлгээнд хөрсний ялзмагийн нөөцийг үндсэн суурь үзүүлэлт болгон, хөрсний шинж чанар, газарзүйн орчны голлох үзүүлэлтүүдийн засварын коэффициентуудыг ашигласан. Хөрсний чанарын үнэлгээний шинэчлэн боловсруулсан арга зүйн дагуу Монгол орны хөрсний чанарын суурь үнэлгээг тооцоолсон. Хамгийн өндөр чанарын үнэлгээтэй нь Хар шороон хөрс 87,6 байхад хамгийн бага нь Сайрын хэт хуурай цөлийн хөрс 1,0 байна. Монгол орны хөрсний чанарын суурь үнэлгээний зургийг 1 : 3 000 000 масштабаар зохиосон. Хөрсний чанарын суурь үнэлгээний зургийг үндэслэн Монгол орны аймаг сумдын хөрсний чанарын үнэлгээний дундаж үзүүлэлтүүдийг тооцоолсон.