Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-24
  • 0

Нийгэм эдийн засгийн газарзүйн салбар

ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн

нийгэм, эдийн засгийн газарзүйн салбар

Түүхэн замнал

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбар нь 1962 онд ШУА-ийн Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдахад үүссэн анхны 4 тасгийн нэг юм. 1999 оноос Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбар болон өргөжиж, түүний бүрэлдэхүүнд Бүс нутгийн хөгжлийн төв, Нүүдэлч малчдын судалгааны төв, Газарзүйн нэр судлал, Зурагзүйн төв тус тус байгуулагджээ.

Эдийн засгийн газарзүйн тасгийн эрхлэгчээр доктор Т.Норжмаа, академич Б.Гунгаадаш, доктор Г.Ширнэн, Д.Батсүх, Д.Базаргүр, С.Шийрэв-Адъяа, Ж.Оюунгэрэл, Б.Батбуян нар ажиллаж байв. Өнгөрсөн хугацаанд тус салбараас шинжлэх ухааны доктор 3 (Б.Гунгаадаш, Г.Ширнэн, Д.Базаргүр), 28 дэд доктор төрөн гарсан.

2017 оноос салбарын даргаар доктор, дэд профессор М.Алтанбагана ажиллаж байна. Тус салбарт эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан 2 (доктор М.Алтанбагана, доктор С.Энх-Амгалан), эрдэм шинжилгээний дэд ажилтан 8 (магистр Д.Хишигдорж, Ц.Отгонхүү, Г.Урантамир, Б.Золжаргал, Б.Мөнгөнчимэг, П.Цэенханд, Г.Саруул), эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан 2 (магистрант Б.Нацагсүрэн, М.Баяржаргал) гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Монгол орны нийгэм, эдийн засгийн газарзүйн онцлог, нутаг дэвсгэрийн хөгжлийн ялгаатай байдал, хүн амын нутагшил, хотжилт, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, нийгмийн дэд бүтцийн салбарыг нутаг дэвсгэрээр жигд хөгжүүлэх загварыг бүс нутаг, хот, засаг захиргааны нэгжийн түвшинд боловсруулах зорилгоор нарийвчилсан судалгаануудыг хийж, төрөл бүрийн масштабын газрын зураг, атлас зохиох, аргачлал, зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэдэг. Нийгэм, эдийн засгийн газарзүйчид 1960-аад оноос хойш нийгэм, эдийн засгийн салбаруудаар тухайлбал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, тээвэр, хүн амын газарзүйн чиглэлээр судалгаа хийж, салбар тус бүрийн хөгжил байршил, нутаг дэвсгэрийн бүтцийн тухайн үеийн түвшинг тодорхойлж хэтийн чигийг тодорхойлоход зориулан бүтээлүүдээ туурвиж байна.  

стратегийн зорилт

Тогтвортой хөгжил, эдийн засаг, нийгмийн газарзүйн хүчин зүйлс, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот, хөдөөгийн хүн ам, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын газарзүй, уур амьсгалын өөрчлөлтөд экологи, нийгэм, эдийн засгийн эмзэг байдал, дасан зохицох чиглэлээр суурь (basic studies), салбар дундын (inter and trans-disciplinary) болон бодлогын судалгаа (science based policy making), шинжилгээний ажлыг хөгжүүлж, улмаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн орон зайн зүй тогтол, тэдгээрийн өөрчлөлт, хандлагад тулгуурлан Тогтвортой хөгжилд чиглэсэн хөгжлийн орон зайн шийдэл, бодлого, төлөвлөлт болон бүсчилсэн хөгжил, хүн амын нутагшилт, суурьшил, нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоход чиглэсэн шинжлэх ухааны үр дүн, мэдлэг, мэдээлэл, бодлогын санал, зөвлөмжөөр хангахад оршино.

2017 онд Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын зорилго, эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийг хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурлаар оруулж, шинэчлэн тодорхойлсон.

Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

      Хот, хөдөөгийн хүн ам, нийгмийн газарзүйн судалгаа

         Human Geography and Social Geography, including Rural and Urban Settlement

      Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлал, тээвэр, дэд бүтцийн газарзүй-эдийн засгийн судалгаа

         Economic Geography, including Agriculture, Industry, Tourism, Transportation and Infrastructure

      Тогтвортой хөгжлийн газарзүй - эдийн засгийн хүчин зүйлс, системийн иж бүрэн анализ

         Geography study for Sustainable Development, including Synthesis, System and Policy Analysis

      Эдийн засгийн гадаад, дотоод интеграци, бүс нутгийн хөгжлийн судалгаа

         Regional Development and Economic Integration, including Internal and External integration, and Economic corridor

      Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сэргэн хөгжих чадавхи, эмзэг байдал, эрсдлийн судалгаа

         Climate Change Adaptation, Resilience, Vulnerability, Risk Studies, and their Spatial Issues

Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр

Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарт өмнө нь хэрэгжсэн болон одоо хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд

Суурь судалгааны төсөл

2005-2007       Монгол орны хүн амын нутагшилт, хотжилтын орчин үеийн асуудал. ШУТСангийн суурь судалгааны төсөл. Удирдагч Б.Батбуян (Ph.D).

2008-2010       Монгол орныг тэнхлэгээр хөгжүүлэх газарзүйн үндэслэл. ШУТСангийн суурь судалгааны төсөл. Удирдагч Б.Батбуян (Ph.D).

2011-2013       Төвийн бүсийн нийгэм, эдийн засгийн газарзүйн иж бүрэн тодорхойлолт, мэдээллийн сан. ШУТСангийн суурь судалгааны төсөл. Д.Доржготов (Sc.D).

2014-2016             Хүн амын нутагшилт, суурьшлын орон зайн зүй тогтол. ШУТСангийн суурь судалгааны төсөл. Удирдагч Б.Батбуян (Ph.D).

2017-2019             Хөдөөгийн хүн амын суурьших үйл явцын газарзүйн судалгаа. ШУТСангийн суурь судалгааны төсөл. Удирдагч С.Энх-Амгалан (Ph.D).

2019-2021             Монгол улсын бүсчилсэн хөгжлийн онолын үндэслэл, аргазүй, аргачлалыг шинэчлэн боловсруулах нь. ШУТСангийн суурь судалгааны төсөл. Удирдагч М.Алтанбагана (Ph.D).

Гадаадтай хамтарсан төсөл

2019-2021             The rural change and vulnerability in the developed and developing countries: the case of Poland and Mongolia. Польш Улсын ШУА-ийн Хөдөө, хөдөө аж ахуйн хүрээлэнтэй хамтарсан төсөл. Удирдагч М.Алтанбагана (Ph.D).

2019-2021             The natural-resource potential of urbanized territories of the Lake Baikal drainage basin. МУ-ын БШУЯ, ШУТСан болон ОХУ-ын суурь судалгааны сан. ОХУ-ийн ШУА-ийн Сибирийн салбарын В.Б Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэнтэй хамтарсан төсөл. Удирдагч С.Энх-Амгалан (Ph.D).

2019-2022             Spatial analysis on social, economic and urbanization of CAREC 4a corridor.  бодлогын судалгааны төсөл. CAREC Institute. Удирдагч М.Алтанбагана (Ph.D).

2021-2023             Далайд гарцгүй ОХУ (Сибирь) болон Монгол орны байгаль ашиглалт, нутагшилт, аж ахуй эрхлэлтийн тулгуур тэнхлэг бүрэлдэх газарзүйн онцлогийг Евразийн интеграцитай холбон судлах нь. МУ-ын БШУЯ, ШУТСан болон ОХУ-ын суурь судалгааны сан. ОХУ-ийн ШУА-ийн Сибирийн салбарын В.Б Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэнтэй хамтарсан төсөл. Удирдагч М.Алтанбагана (Ph.D).

2022-2024             Бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээ ба дасан зохицох хариу арга хэмжээг оновчтой болгох нь: Монголын тэгш өндөрлөг дэх Хятадын Улаанцав, Шилийн гол аймаг болон Монголын Баянхонгор, Дундговь аймгийн жишээн дээр. Монгол-хятадын хамтарсан шинжлэх ухаан, технологийн судалгааны төсөл. Хятадын ШУА-ийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнтэй хамтарсан. Удирдагч М.Алтанбагана (Ph.D).

 

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбар нь эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэлийн хүрээнд суурь мэдлэг, зүй тогтлыг илэрүүлэхийн зэрэгцээ, дунд, урт хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт, бодлогын шийдэл гаргах, мөн “Алсын хараа 2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д туссан бодлогын зарим зорилтуудыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлох, судалгааны үр дүн, мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэхэд чиглэх болно.