Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-24
  • 0

Түүхэн замнал

ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН ҮЕ

1921 оны 11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолын 3-р зүйлд Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж, улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг тодорхойлж Засгийн газарт оруулснаар 1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг баталж Судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ. 1930 оны 12 сарын 20-ны өдрийн Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр  Судар бичгийн хүрээлэнг “Шинжлэх Ухааны  Хүрээлэн” болгон өргөтгөн зохион байгуулсан ажээ. 1926  онд  ШУХ-ийн дэргэд  Газарзүйн  тасаг   байгуулсан нь газарзүйн судалгааг шинэ шатанд гаргахад ихээхэн түлхэц өгсөн үйл явдал болсон байна. Газарзүйн тасаг анхны үед  Монгол орны газарзүйд холбогдох мэдээ баримтыг бүртгэн цуглуулж 1926-1933 он хүртэл газарзүйн шинжилгээний анги зохион байгуулж Хэнтий, Хангай, Говь нутгийн газрын гадарга, гол мөрөн, ургамал, амьтан, уур амьсгалын ажиглалт, тэмдэглэл хөтөлж нүүдлийн мал аж ахуйн хөгжил, байршилтын холбогдолтой судалгаа явуулж байжээ. Шинжлэх ухааны хүрээлэнгийн Газарзүйн тасгийг анх байгуулагдсан цагаас нь 1937 оны хэлмэгдлийн үе хүртэл А.Д.Симуков удирдаж  байв.


Симуков Андрей Дмитриевич (1902-1942)


Тэрээр Монголын газарзүйн байдал, малчдын нүүдэл суудал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг судалж шинжлэх ухааны арвин материал цуглуулснаас гадна БНМАУ-ын газарзүйн атлас (1934), БНМАУ-ын 1:2000000 масштабтай дэлгэмэл зураг (1937) зохиосны дээр “БНМАУ-ын газарзүй” гэдэг 2 боть зохиол бичсэн бөгөөд  хэвлэгдээгүй тэр бүтээлийн эхний боть нь тус улсын физик газарзүй, удаах боть нь эдийн засгийн газарзүйн тодорхойлолтод зориулагджээ.

1930-аад оны хэлмэгдүүлэлтийн он жилд тухайн үеийн шинжлэх ухааны байгууллагуудын удирдлага мөн улс төрийн хардлагад өртөж үйл ажиллагаа нь саарсан байдаг. Гэсэн хэдий ч Дэлхийн II дайны он жилүүдэд Монгол талын санаачлагаар тусгайлсан экспедициуд Монголын нутагт ажиллаж байсан нь Судар бичгийн хүрээлэнгийн үйл хэргийн үргэлжлэл болсон юм.  Энд Дорнодын геологийн байнгын экспедиц (1931-1957), Монголын хөдөө  аж ахуйг   судлах  экспедиц (1947-1951), И.А.Цаценкинаар удирдуулсан хадлан бэлчээрийн экспедиц (1940-1943) зэргийг дурьдаж болно. Эдгээрээс гадна Э.М.Мурзаев, А.А.Юнатов, Н.Д. Беспалов, И.П. Герасимов, А.Г. Банников  зэрэг эрдэмтэд ажиллаж,   судалгааныхаа үр дүнд газарзүй, хөрс, ургамал,  амьтны   аймгийн   талаар   цуврал   бүтээлүүд туурвисан нь орчин цагийн газарзүйн шинжлэх ухаан Монголд үүсэн бүрэлдэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Энэ үе нь монголын үндэсний газарзүйчдийг бэлтгэх үе байснаараа шинжлэх ухааны энэ салбарын цаашдын хөгжлийг тодорхойлсон.


ҮНДЭСНИЙ ГАЗАРЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН БҮРЭЛДСЭН ҮЕ

1961 онд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академи байгуулагдсан явдал тус  орны байгалийг судлах ажилд сайхан нөлөө үзүүлж олон хүрээлэнгүүд өргөн хүрээтэй, төрөл бүрийн судалгаа явуулах  болов.

1962 онд  Монголын ШУА-ийн дэргэд Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсан нь тус орны газарзүйн шинжлэх ухааны хөгжилд ихээхэн түлхэц болсон төдийгүй  тухайн салбараар шинэ шинэ чиглэл үүсэн хөгжиж, онолын тулгуур судалгааг  далайцтай явуулах эрдэм шинжилгээний томоохон төв үүсэн бий болжээ. Хүрээлэн байгуулагдсанаас хойших  40 гаруй  жилийн дотор манай анхны газарзүйч  эрдэмтдийн нэг,  академич Ш.Цэгмидийн удирдлагын дор физик газарзүйн  судалгааг өмнөх үеийн судалгааны арвин өв санд  тулгуурлан хөгжүүлж, улс ардын аж ахуйн шаардлагатай уялдсан тодорхой асуудлыг  шийдвэрлэх зорилгоор тус орны  нийт нутгийн болон тусгай муж, районы байгалийн нөхцөл, нөөц баялгийг илрүүлэхэд чиглэсэн тулгуур судалгааг амжилттай явуулж  иржээ.

1962-1970 онуудад  академич Ш.Цэгмидийн удирдлагаар манай газарзүйчид “Монгол орны физик газарзүй”, Ш.Цэгмид, Н.Бадарч, Ж.Цэрэнсодном нар “Монголын дорнод хэсгийн ландшафтууд ба байгалийн муж”, О.Намнандорж  “Монгол орны газарзүйн гайхам сонин”, “Газарзүйн нэр томьёоны  орос-монгол толь”, “БНМАУ-ын дархан газар ба цаазтай амьтад”, Ж.Цэрэнсодном  “Монгол орны нуур”, Н.Бадарч “Монгол орны уур амьсгал”, Д.Доржготов “Монгол орны хөрс-газарзүйн мужлалт” зэрэг нэгэн сэдэвт томоохон бүтээлүүдийг туурвиж, Монголын дорнод хэсэгт физик газарзүйн нарийвчилсан судалгаа явуулжээ.

ШУА-ийн Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэнгээс (хуучин нэрээр) “Монгол орны физик газарзүй” нэгэн сэдэвт зохиолыг 1969 онд хэвлүүлсэн бөгөөд уг бүтээлд  Монгол орны физик газарзүйн үүднээс судлагдсан байдал, физик газарзүйн бүрдэл хэсгүүд болох хотгор гүдгэр, геологийн тогтоц, уур амьсгал, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын аймаг, амьтны аймгийн талаар болон  физик газарзүйн 3 шатлалт мужлалын зарчим, их мужуудын тодорхойлолтыг дэлгэрэнгүй өгсөн байна. Энэ бүтээл нь шинжлэх ухааны өндөр төвшинд бичигдсэн бөгөөд үе үеийн газарзүйчдын ширээний ном болсоор иржээ.

1970-1980 онд ШУА-ийн ГЗЦСХ-ээс манай  эдийн засгийн чухал нутаг болох Сэлэнгийн сав газарт геоморфологи, уур амьсгал, ус зүй, ландшафтын талаар иж бүрэн судалгаа явуулж гадаргын налуу, хэрчигдлийн шигүү, геоморфологи, инженер-геоморфологи, агаарын жилийн дундаж температур, хавар, намрын цочир хүйтрэлт, эхлэх, дуусах дундаж хугацаа, хур тунадас, цасан бүрхүүл, ургамлын чийг дулаан хангамж, гол мөрдийн сүлжээний нягтшил, жилийн дундаж урсац, өвөл, зуны гачиг үе, хамгийн их урсац зэрэг үзүүлэлтээр зураглаж эрдэм шинжилгээний тайлбар зөвлөмжийг боловсруулав. Эдгээр ажлын үр дүн нь тус сав газрын байгалийн нөхцөл, нөөцийг оновчтой ашиглах, ойрын болон хэтийн төлөвлөгөө зохиох, хөдөө аж ахуй, үйлдвэр, тээврийн хөгжил,  байршилтад харгалзах болон байгаль  орчныг хамгаалахад  тулгуур материал болон ашиглагджээ. Энэхүү судалгааны үр дүнг нэгтгэн “Сэлэнгийн сав газрын байгалийн нөхцөл, нөөц баялаг” нэгэн сэдэвт хамтын бүтээлийг хэвлүүлж нийтийн хүртээл болгосон байна.

Түүнээс гадна Монгол орны ойт хээрийн бүсийг төлөөлөх Булган аймгийн Хангал сумын нутаг Улаантолгой хэмээх газарт физик газарзүйн энгийн суурин судалгааг 1971 оны намар байгуулж судалгааны багаж төхөөрөмжөөр тоноглон ажиглалт явуулсан бөгөөд 1973 оноос тополог судалгаа болгон өргөтгөж уулын ар хажуу, уулын энгэр, ой, нуга буюу голын хөндий зэрэг байгалийн янз бүрийн нөхцөлд байнгын ажиглалт явуулсан байна. Үүний үр дүнд байгалийн элементүүд, хотгор гүдгэрийн бичил ялгаа, ландшафтын бүтцээс хамааран хэрхэн өөрчлөгдөх болон тэдгээр элементүүдийн хоорондын шүтэлцээг үнэлэхүйц тоон материал хуримтлуулсан байна. Энэхүү топологийн судалгааг газарзүйч эрдэмтэн Ж.Цэрэнсодномын удирдлага дор тус орны ойт хээрийн бүсэд ийнхүү эхэлж явуулснаар физик газарзүйн шинжилгээнд математик загварчлалын аргыг нэвтрүүлэх суурь тавигдаж  газарзүйн судалгааг орчин үеийн төвшинд явуулах боломжтой болжээ.

Энэ хугацаанд гүйцэтгэсэн онол, практикийн ач холбогдол бүхий ажил дотор физик газарзүйн мужлал (С.А.Кондратьев, 1930, А.Д.Симуков, 1936, Э.М.Мурзаев, 1948, Ш.Цэгмид, 1969, Ж.Бямба,1999, Д.Даш 1999), ландшафт-типологийн болон байгалийн мужлал (Н.В.Фадеева, В.Л.Львов, Е.Л.Смирнова, Х.Тулгаа, 1990), ландшафт-экологийн мужлал (Е.А.Востокова, П.Д.Гунин, 1995) зэрэг Монгол орны ландшафтын бүтэц, бүрэлдэхүүн, хэв шинж, экосистемийн онцлогийг илэрхийлсэн орчин үеийн газарзүйн шинжлэх ухааны шинэ чиглэл, хандлагыг тусгасан мужлалын  бүтээлүүд чухал суурь эзэлдэг.

Манай цэвдэг судлаачид 1976-1980 онд “Сэлэнгийн сав газрын цэвдэгт ул хөрсний физик механик  шинж чанарыг судлах” сэдвээр, 1981-1985 онд “Хөвсгөлийн фосфоритын орд газар, Хатгалын цэвдгийн нөхцлийг судлах”  сэдвээр, 1986-1990 онд “Хангай,  Хөвсгөлийн уулархаг нутгийн геокриологийн нөхцлийг судлах” сэдвээр  тус тус ажиллаж, эдгээр судалгааны үр дүнд ”Монгол орны  ул хөрсний улирлын хөлдөлт, гэсэлтийн геокриологийн 1:1500000 масштабтай зураг”,  “Монгол орны геокриологийн 1: 3 000 000 масштабтай зураг”, “Сэлэнгийн сав газрын цэвдэгт инженер геологийн зураг” (масштаб 1:1 500000), “Хөвсгөлийн фосфоритын орд газрын геокриологийн ба улирлын хөлдөлт, гэсэлтийн зураг” (масштаб 1:100000), “Хатгал хотын нутаг дэвсгэрийн инженер-геокриологийн 1:5 000-ын зураг, зөвлөмж”,  “Хар айраг, Тавантолгойн төмөр замын дагуух нутгийн  (масштаб 1:500000) болон Таван толгойн уурхай орчмын ул хөрсний улирлын хөлдөлтийн  (масштаб 1:100000) зураг, тайлбар, 1989 онд Аргалантын үйлдвэрлэл ба тосгон байгуулах районы геокриологийн зураг  (масштаб 1:5000),  Бага нуурын нүүрсний уурхайн мөрөгцөгийн ул хөрсний хөлдөлтийн гүнийг тодорхойлох аргачлал, тодорхойлолт, “Улаанбаатар, Чойр, Даланзадгадын чиглэлд радио релейний шугамын дагуух нутгийн ул хөрсний улирлын хөлдөлт, гэсэлтийн тодорхойлолт зэрэг ажлуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Эдгээр зургууд барилга, зам гүүр, шугам сүлжээ, уул уурхайн зураг төслийн ажилд эрдэм шинжилгээний тулгуур материал болон  ашиглагдсаар ирсэн.

Энэ хугацаанд тус хүрээлэнгийн захирлын албан тушаалыг Монголын нэрт эрдэмтэд болох академич  Ш.Цэгмид (1961-1988), шинжлэх ухааны доктор С.Жигж (1988-1994) нар хашиж байжээ.

      

Шагдарын Цэгмид (1922-2004)              Сономын Жигж (1940-1994)


СУУРЬ, ХАВСРАГА, ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛСЭН ҮЕ

1997 онд  “Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын 31-р тогтоолоор ШУА-ийн бүтцэд Геоэкологийн Хүрээлэн, Информатикийн хүрээлэнг шинээр эмхлэн байгуулсан байна. Ийнхүү улс төр, нийгэм, эдийн засгийн шилжилтийн эхэн үед Монголын шинжлэх ухааны салбар өөрийн бүтэцдээ онолын суурь судалгаанаас гадна хавсрага судалгааг эхлүүлсэн гэж үзэж болно.

1994 оноос хойш Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэн Газарзүйн хүрээлэн нэртэй үйл ажиллагаа явуулж ирсэн.

Энэ үеийн эхний жилүүдэд физик газарзүйн шинжлэх ухаанд хавсарга судалгааны чиглэл давамгайлж ирлээ. Тухайлбал улс орон зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш хэрэгжүүлж ирсэн төслийн судалгаа нь Төв Азийн байгалийн өвөрмөц шинж төрхийг хадгалсан экологийн тогтолцоо бүхий Монгол орныг дэлхийн шим мандлын онцгой бүс болгох тухай НҮБ-ын бага хуралд манай улсын тавьсан санал түүний тайлбар бичгийн үзэл санаа, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах, газар нутгийг дархлан хамгаалах талаар дэвшүүлсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн заалтыг  хэрэгжүүлэхэд чиглэгджээ.

Энэ хугацаанд физик газарзүйчид Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол улсын тусгай хамгаалалттай газрын үндэсний хөтөлбөр боловсруулахад оролцон ажилласнаас гадна тусгай хамгаалалттай газар нутгийн зохистой сүлжээ байгуулах шинжлэх ухааны үндэслэл, шалгуур боловсруулж энэ дагуу Хан Хэнтий, Горхи-Тэрэлж, Говь Гурвансайхан, Говийн бага дархан газар, Увс нуурын ай савын дархан газар, Алтай таван богд, Сийлхэм, Ханхөхий, Онон-Балж, Хяргас нуур, Хар ус нуур, Тарвагатайн нуруу, Загийн ус, Угтам уул, Тужийн нарс зэрэг 40 гаруй тусгай хамгаалалттай газрын үндэслэлийг боловсруулж шилжүүлсэн нь Засгийн газар, УИХ-аар хэлэлцэгдэн батлагджээ.

Эрдэм шинжилгээний байгууллагууд шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх болсонтой уялдаж Газарзүйн хүрээлэн 1996-1998 онд  “Монгол орны геосистемийн нэгдсэн үнэлгээ”, 1999-2001 онд  “Монгол  орны Газарзүйн  бүсчилсэн судалгаа” төслүүдийг хэрэгжүүлсэн байна.

Эдгээр төслийн судалгаа нь Монгол  орныг бүсчлэн хөгжүүлэхэд нөлөөлөх байгалийн нөхцлийг бүрэн тооцож түүнийг аж ахуйд зориулан үнэлэхэд чиглэгдсэн бөгөөд энэ нь экологийн чиг баримжаатай нийгэм эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгоход онцгой ач холбогдолтой юм.

Иймд Газарзүйн хүрээлэнгийн хамт олон Монгол улсын төрөөс тус орныг эдийн засгийн хувьд бүсчлэн  хөгжүүлэх  бодлоготой  уялдуулан одоогоор мөрдөгдөж буй  эдийн засгийн 4 бүсийн  хэмжээнд  байгаль газарзүйн  талаас нь  үнэлгээ өгөх,  тодорхойлох судалгаа  явуулжээ.  Энэхүү судалгаа нь  эдийн засгийн  бүсүүдийн хэмжээнд  байгалийн нутаг дэвсгэрийн цогцолборуудын  онцлог,  дотоод ялгааг  тодорхойлон хотгор гүдгэрийн  тархалт,  морфологи хэв шинж, хувьсал өөрчлөлтийн онцлогийг илрүүлэх, аялал жуулчлалын нөөцөд үнэлгээ өгөх, түүний төрлүүдийг  тодорхойлох, эдийн засгийн бүсүүдийн  ландшафтыг  зохистой ашиглах, хамгаалах  үндэслэл  боловсруулахад  чиглэгдсэн  болно.

Энэ хугацаанд тус хүрээлэнгийн захирлаар академич, доктор (D.Sc) Д.Доржготов ажиллаж байсан. 


Дэчингунгаагийн Доржготов


1997-2014 оныг хүртэл байсан ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн түүхэн замнал угтаа байгалийн нөөц ашиглалт, менежментийг хэрэгжүүлж байсан Усны бодлогын хүрээлэн, Газрын бодлогын хүрээлэн, Ой, ан, судлалын хүрээлэнгээс эхтэй юм. 1997 онд хэрэгжсэн дээрхи тогтоолоор салбарын яамдын бүтцэд хамаарч байсан хавсрага судалгааны дээрхи хүрээлэнгүүдийг нэгтгэн Геоэкологийн хүрээлэнг бий болсон. Үүсэн цагаас хойш тус хүрээлэнгийн эрхэм зорилго нь  экологийн баримжаатай эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтыг хангахын тулд эх орныхоо байгаль, геоэкологийн нөхцлийг сайтар судлан байгалийн нөөц баялгийг өнөө ба ирээдүйн эрх ашигт нийцүүлэн зохистой ашиглах, аж ахуйн болон аливаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж төрийн бодлогод тусган оруулах замаар төр түмэндээ үйлчлэхэд оршжээ.

Тус хүрээлэн Газрын нөөц, газар ашиглалтын салбар, Усны нөөц, ус ашиглалтын салбар, Ойн нөөц, ой хамгааллын салбар, Экологийн судалгааны салбар, Цөлжилтийн судалгааны төв, Захиргаа, аж ахуй гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Өнгөрсөн хугацаанд Геоэкологийн Хүрээлэнгээс гаргасан томоохон бүтээлүүдэд:

  •          Сэлэнгэ мөрний сав нутгийн усны менежментийн нэгдсэн загвар, 2006-2010 он
  •          Туул голын экологийн өөрчлөлтийн асуудлаархи нэгэн сэдэвт бүтээл, 2010 он
  •          Монгол орны говийн бүсийн газар доорхи усны найрлага бүрэлдэх онцлог, чанарыг сайжруулж ашиглах сэдэвт шинэ бүтээлийн патент
  •          Гадаргын усны чанар, бохирдлыг гидрохими ба гидробиологийн хосолмол аргаар судлах “Усны чанарыг үнэлэх хялбаршуулсан гарын авлага”
  •          Монгол орны ойг нөхөн сэргээх, мод бэлтгэсэн, түймэрт шатсан газрыг ойжуулах экологийн үндэслэл, шинэс, нарс, гацуур, хуш зэрэг шилмүүст модны тарьц ургуулах агротехник, 2000-2008 он
  •          Монгол улсын Ойн Менежментийн Ерөнхий Төлөвлөгөө (2011-2015 он)
  •          Хөдөө аж ахуйн газрын чанар, хөрсний элэгдэл эвдрэл, ургамлын талхлагдлыг үнэлэх арга зүй, стандартууд
  •          Доройтсон газрын хөрс, ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх, ажлын технологи, норм үнэлгээ
  •          Хөдөө аж ахуйн газрын экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал
  •          Монгол орны цөлжилтийн 1:2000000 масштаб бүхий зураг
  •          Монгол орны цөлжилтийн үндэсний атлас, 2012
  •          Сүхбаатар, Төв аймгийн цөлжилтийн дэд хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хамт, 2010, 2011-2014
  •          “Монгол улсын Байгаль орчны бодлого, стратеги-2021” бодлогын баримт бичиг
  •          Монгол орны говь, цөлийн бүсийн баянбүрдүүд, тэдгээрийг хмагаалах, нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэл, 2011-2013 зэргийг дурьдаж болно.


Тус хүрээлэн 1997 оноос хойш доктор Ж.Цогбаатарын удирдлаган дор нийт 14 жил орших хугацаандаа суурь судалгааны сэдэвт ажил, шинжлэх ухаан-технологийн нийт 28 төсөл амжилттай хэрэгжүүлж эдгээр сэдэв, төслийн судалгааны үр дүнд нэгэн сэдэвт бүтээл, ном, сурах бичиг, товхимол, гарын авлага, диссертаци, магистрын ажил, эрдэм шинжилгээний өгүүлэл, норм, стандарт, технологи боловсруулан нийтийн хүртээл болгосон байна. Мөн тус хүрээлэн 2000 оноос эхлэн “Монгол орны геоэкологийн асуудал” цуврал бүтээлийг жил бүр гаргаж ирсэн байна.


Жамсрангийн Цогтбаатар


Мэдээлэл харилцааны эрин үеийн босгон дээр ШУА-ийн дэргэд Информатикийн хүрээлэнг байгуулсан гол зорилго нь энэ төрлийн орчин үеийн дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх, цаашид мэдээлэл, харилцааны аюулгүй байдал, түүний иргэний нийгмийн хэрэглээнд зохистой, тэнцвэртэй ашиглах нөхцлийг хангахад чиглэсэн байжээ. ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн Геоинформатикийн лаборатор сансрын “СоюзТ4-Салют6-Союз-39” цогцолбороос авсан олон бүсчлэлийн зурагт боловсруулалт хийж бэлчээр, хөрс, ургамалжилтын тухайн төлөв байдлыг шинжлэн судлахад ашиглаж  суурь зурган мэдээлэл бэлтгэсэн байна. Тус төвд НҮБХХ-ийн хүрээнд “ERDAS 7.5” системийг суурилуулсан нь олон бүсчлэлийн өндөр нарийвчлалтай дагуулын дүрст тоон мэдээллийг цогц боловсруулах бололцоотой болжээ. 1997-1998 онд Германы мэргэжилтнүүдтэй хамтарч ERS-1,2 дагуулаас синтетик апертурт радиометрийн SAR мэдээлэл хүлээн авах газрын станцыг суурилуулснаар  байгаль орчны төлөв байдлын судалгаанд шинэ алхам нээгдсэн билээ.

Монгол улсад  газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийг байгуулан турших, байгаль шинжлэлд ГМС-ийн аргыг хэрэглэх үйл ажиллагаа 1990-ээд оноос сансрын нисгэгч, доктор М.Ганзоригийн удирдлагаар эхэлж сансрын төвшин дэх зургийг, агаарын төвшинд торон биетийг, газрын төвшинд цэгэн биетийг тодорхойлон зураглах болсон байна. Үүний үр дүнд ГМС-ийн аргыг Монгол орны байгалийн бүс, бүслүүрийн өөр өөр хэсгийг төлөөлсөн Орхон-Сэлэнгийн сав нутаг, Түмэнцогтын район, Увс нуурын хотгор зэрэг газруудад хэрэглэн бүс нутгийн болон орон нутгийн төвшин дэх газрын гадаргын өөрчлөлт, геологи, геодинамик, хөрсний элэгдэл, ургамалжилтын төлөв бэлчээрийн даацын болон газрын үнэлгээнд ашиглаж олон сонирхолтой үр дүнгүүдийг гарган авчээ.

Информатикийн хүрээлэнгийн Зайнаас тандан судалгааны лаборатори нь өнгөрсөн он, жилүүдэд

  • Экологийн нэгдсэн сан (ЭНС)-гийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдэд орох дэд сангуудын бүтцийг орчин үеийн загварчлалын нэгдмэл хэл ашиглан нийлмэл байдлаар тодорхойлох;
  • ЭНС-гийн зарим сэдэвчилсэн давхаргуудыг хэт өндөр болон өндөр нарийвчлалтай олон бүсчлэлийн/панхроматик оптикийн мэдээ, олон сувгийн радарын мэдээ, хэт олон суваг бүхий хайперспектрийн мэдээ ашиглан баяжуулан шинэчлэх аргазүйг боловсруулах;
  • Хайперспектрийн тандан судалгааны мэдээг боловсруулж, олон хэмжээст өгөгдлийн хэмжээсийг багасган шахах, ортогональ параметруудыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх аргазүйг хөгжүүлэн, улмаар хайперспектрийн болон полариметрийн синтетик апертуртай радар (САР)-ын мэдээг нэгтгэн бэлчээрийн ургамал ба ойн нөөцийн үнэлгээнд ашиглах аргачлал боловсруулах;
  • Орчин үеийн геомэдээлэл зүй, тандан судалгааны шинэлэг аргазүй, техник технологид тулгуурлан Улаанбаатар хот болон түүний орчмын барилга байшин, гэр хороолол, ногоон байгууламж, ой, бэлчээр, замууд болон усны нөөцийн зураглалыг шинээр үйлдэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
  • Оронзайн биетүүдийг Интернэтийн орчинд зөв дүрслэн үзүүлэх, дүн шинжилгээ хийх зориулалт бүхий ВэбГМС-ийг хэрхэн байгуулах талаар судалгаа хийх зэрэг чиглэлд үйл ажиллагаа явуулж иржээ.

Энэ байгууллагыг үүсэн бий болох цагаас эхлэн Сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, ШУ-ны Гавъяат зүтгэлтэн, доктор  М.Ганзориг удирдаж байсан.


Майдаржавын Ганзориг


НЭН ШИНЭ ТҮҮХ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01-р сарын 26 ны өдрийн “Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” 27 тоот тогтоолоор ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн Геоинформатикийн лабораторийг нэгтгэн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн нэртэйгээр шинэчлэн зохион байгуулсан.

Тус хүрээлэн өнөөдөр суурь болон хавсрага судалгааны ажлыг 10 салбар, 3 лабораторийн бүтэцтэйгээр нийт 158 эрдэм шинжилгээний ажилтны бүрэлдэхүүнтэйгээр хэрэгжүүлж байна.

Бид судалгаа шинжилгээний үйл ажиллагаагаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хангахад чиглүүлж ингэхдээ хөгжлийн тулгуур 3 багана болсон байгаль, нийгэм, эдийн засаг гэсэн гурван бүрэлдэхүүний хүрээнд системийн онол, хэрэглээний зарчим, нээлттэй орчныг бүрдүүлэн гүйцэтгэхээр зорьж байна. Өнөөдрийн манай түүх биднээс эхэлж буй тул залуу эрдэмтэн судлаачдын хүсэл эрмэлзэл, зүрх зориг, алсын хараа бидний гол хөдөлгүүр болно.