Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-24
  • 0

Мэндчилгээ

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн цахим хуудаст зочилж буй та бүхний амар амгаланг эрье.

Бид хүн үүссэн цагаас хойш өдийг хүртэл амьдрахдаа эргэн тойрон оршиж буй газар нутгийг ашиглан эзэмшиж, байгаль орчны нөөцөөс нь хүртэж амьдарсаар байгаа билээ. Ийм учраас газар орон, байгаль орчны нөөц, түүнийг бүрэлдүүлэгч хүчин зүйлс, өөрчлөлт, доройтлын тухай асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулдаг юм.

Хэдийгээр Монгол орон эрдэс баялгийн сан арвинтай, олон янзын экосистемтэй өргөн уудам газар нутагтай, уламжлалт газар ашиглалтын арга технологитой ард түмэн боловч манай орны байгалийн хүчин зүйлс, бүрэлдэхүүн хэсгүүдийн өөрчлөлт нь зарим тохиолдолд дэлхийн босго утгаас их болжээ. Тиймээс бид бүхэнд хүрээлэн буй орчныхоо талаар шинжлэх ухаанд суурилсан олон тооны чанартай судалгаа, туршилт хийх, тэдгээрийн үр дүн, ололт, амжилтыг олон нийтэд таниулан сурталчлах, төр захиргааны байгууллагуудын шийдвэрийг оновчтой гаргахад дэм болох, оролцох зэргээр улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зайлшгүй шаардлагууд гарсаар байна.

Манай хүрээлэн үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн  Монгол орны газарзүй, геоэкологийн онцлог, байгалийн хувьсал өөрчлөлт болон нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс, байгалийн нөөцийн төлөв байдлыг судалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэл, зөвлөмж боловсруулах, судалгаа шинжилгээ, зураг төслийн олон зуун ажил гүйцэтгэж буй эрдэм шинжилгээний байгууллага юм. Үүнээс гадна Газарзүй, Геоэкологийн хүрээлэн нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй байдлыг судалж, тэдгээр салбаруудад мэдлэг, инновацийг нэвтрүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна.

Манай хүрээлэнгийн үйл ажиллагаатай цахимаар танилцаж таалан болгооно уу.

Эрхэм дээд эрдэм мэдлэг үргэлж дэлгэрэх болтугай.





Хүндэтгэсэн


ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D) А.Дашцэрэн