Сэдэвт ажлын хүрээнд хээрийн бүсийг төлөөлүүлэн Төв аймгийн Баян,
Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Баянтал сумдыг сонгон авч бэлчээрийн хөрс
ба ургамлан нөмрөгийн өөрчлөлт доройтлын судалгаа хийх, зурган
мэдээллийг боловсруулан өгөгдөлтэй холбох, нийгэм эдийн засгийн
судалгааг газар ашиглалт түүний доройтолтой холбон судлах чиглэлээр
ажиллаж ирэв. Хөрс, ургамлан нөмрөгийн өөрчлөлтийн хүрээнд хөрсний үржил
шимийн үзүүлэлтийг тодорхойлох, нүүрстөрөгчийн агуулалтыг тогтоох,
ургамлан нөмрөгийн фрагмент зургийг соргог ба талхлагдсан газарт
харьцуулан гаргах судалгаа хийгдэж сумдын нийгэм – эдийн засгийн
судалгаа олон жилийн болон тухайн жилийн мэдээллийг арга зүйн дагуу
цуглуулан боловсруулалт хийсэн байна.
Судалгааны үр дүнд бэлчээрийн хөрсний хими-физик шинж чанарын
өөрчлөлтийг уулын болон тал хээр, нам хотос дахь соргог ба талхлагдсан
бэлчээрийн хөрснөөс нийт 8 бүтэн зүсэлт тавьж, 0-10 см,10-20 см, 20-30
см, 30-40 см, 40-50 см, 50-60 см гүн тус бүрээс 3 давталттай дээж авч
хөрсний физик шинж чанарын үзүүлэлтээр хөрсний доройтолыг, бэлчээрийн
хөрсний нягт түүний өөрчлөлтийг 40 км-ын алслал тутам цэг сонгон зүсэлт
тавьж 3-7 см, 12-17 см гүнээс цилиндрээр дээж авч тодорхойлсон байна.
Хээрийн бүсийн бэлчээрийн ургацын өөрчлөлтийг судалгаа явуулсан
2007-2009 оны ургацтай харьцуулж үзэхэд Баян, Баянтал сумдын бэлчээрийн
ургац сүүлийн 40 жилд 50 гаруй хувиар буурсан бөгөөд Хялгана-хазаарт,
Хялгана-хиаг-харганат, Үетэн-алаг өвст бэлчээрийн төрлийн ургац 2.0-2.5
дахин буурсан байна.