Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
М Баасанцог

Нийтэлсэн

  • 2026-02-05
  • 0

Цэвдгийн мониторингийн цооног болон станцууд

Байршил: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын  мониторингийн цооног болон цаг уурын автомат станцууд нь Монгол орны цэвдгийн тархалтын үндсэн бүсүүдийг төлөөлөхүйц байршлуудад байрласан. Тухайлбал, Монгол орны Алтай, Хангай, Хэнтийн уулархаг бүс, Хөвсгөлийн уулс, мөн ойт хээр–хээрийн шилжилтийн бүсүүдийг хамарсан орон зайн зохион байгуулалттай тархсан. Эдгээр мониторингийн цэгүүд нь цэвдгийн үргэлжилсэн, тасалданги болон алаг цоог цэвдэгтэй бүсүүдийг төлөөлөн Хөвсгөл, Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод аймгуудын нутаг дэвсгэрт тархан байрласан.

 

Хүчин чадал: Цэвдэг судлалын салбар нь Монгол орны цэвдэгтэй бүс нутагт 1960-2010 оны хооронд нийт 200 гаруй мониторингийн цооног өрөмдөж, тоноглон ашиглалтад оруулснаас одоогоор 80 гаруй цооногт олон жилийн тасралтгүй хэмжилт, судалгаа хийж байна. Эдгээр цооногоос хөрс, чулуулгийн гүний температурын горим, улирлын хөлдөлт гэсэлтийн динамик, цэвдгийн зузаан, төлөв байдлын урт хугацааны өгөгдлийг бүрдүүлж байна.

 

 

 

 

 

 

 
Цэвдэг судлалын салбар нь цаг уурын автомат станцуудыг өндөр уулын цэвдэгтэй бүс нутгийн бичил уур амьсгалын хүчин зүйлийг цэвдгийн гэсэлттэй холбон үнэлэх зорилгоор үргэлжилсэн болон тасалданги цэвдэгтэй бүсүүд, ойт хээр–хээрийн шилжилтийн бүсүүд, өндөршлийн ялгаатай уулын орчинд суурилуулан ажиллуулж байна. 2026 оны байдлаар 20 гаруй цаг уурын автомат станцыг ашиглан агаарын болон хөрсний температур, чийгшил, хур тунадас, салхины хурд зэрэг уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжиж байна.
Цэвдэг судлалын салбарын байгуулсан мониторингийн цооног болон цаг уурын автомат станцуудын хэмжилт судалгаа нь Монгол орны цэвдгийн орон зайн тархалтын ялгарал, дулаан чийгийн горим, улирлын хөлдөлт гэсэлтийн динамик, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд цэвдгийн үзүүлэх хариу үйлдлийг олон талаар үнэлэх суурь мэдээллийг бүрдүүлж байгаагаараа онцлог ач холбогдолтой.