Инженерийн цэвдэг судлалын лаборатори
Харьяалал:ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбар
Зорилго: Инженерийн цэвдэг судлалын лабораторийн үндсэн зорилго нь Монгол орны инженерийн цэвдэг судлал, авто зам, барилга байгууламжийн суулт, хагарал болон хүйтний үзэгдлүүд, халиа тошин, мөстлөг, хүлэмжийн хийн судалгааг суурин болон хээрийн нөхцөлд иж бүрнээр хэрэгжүүлэх, улмаар цэвдэгтэй бүс нутгийн байгаль–уур амьсгал–экосистем–инженерийн харилцан уялдааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлоход оршино.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
Инженерийн цэвдэг судлалын лаборатори нь орчин үеийн цэвдгийн судалгааны чиг хандлага, нийгмийн хэрэгцээ шаардлага, уур амьсгалын өөрчлөлт болон экосистемийн харилцан хамаарлыг харгалзан үзэж, дараах үндсэн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна. Үүнд:
- Хөрс, чулуулгийн дулаан чийгийн горим, улирлын хөлдөлт гэсэлтийн явцыг нарийвчлан судлах;
- Цэвдгийн тархалт, зураглал, цэвдгийн гүний бүтэц, гадаргын өөрчлөлт, түүний орон зайн болон цаг хугацааны өөрчлөлтийг тогтоох;
- Авто зам, барилга байгууламжийн деформаци, суулт, хагарал зэрэг инженер-геокриологийн үзэгдлийг судалж, тогтвортой байдлын үнэлгээ хийх;
- Халин тошин, мөстлөг болон хүйтний гаралтай үзэгдлүүдийн тархалт, тэдгээрийн инженерийн байгууламж болон экосистемд үзүүлэх нөлөөллийг судлах;
Хэрэгцээ шаардлага:
Уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, цэвдгийн алдрал явагдаж буй өнөөгийн нөхцөлд дэд бүтэц, авто зам, суурин газар, уул уурхай болон экосистемд учрах эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх шаардлага улам нэмэгдэж байна. Иймээс инженерийн цэвдэг судлалын лаборатори нь Монгол орны цэвдэгтэй бүс нутгийн авто зам, барилга байгууламжийн деформаци, суулт, хагарал, халин тошин, мөстлөг болон хүйтний гаралтай үзэгдлүүдийн тархалт, хүлэмжийн хийг системтэйгээр судалж байна. Тус лабораторийн судалгааны үр дүн нь инженерийн цэвдгийн төлөвлөлт, байгаль орчны үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, эрсдэлийн менежментэд бодитой мэдээлэл, суурь өгөгдөл болох ач холбогдолтой юм.
Хүлээгдэж буй үр дүн:
Инженерийн цэвдэг судлалын лабораторийн үйл ажиллагааны үр дүнд Монгол орны цэвдэгтэй бүс нутгийн инженерийн цэвдгийн нөхцөл, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаарх шинжлэх ухааны мэдлэг гүнзгийрч, олон улсын судалгааны түвшинд нийцсэн өгөгдөл, үнэлгээний арга зүй боловсорно. Үүний зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, залуу судлаачдыг бэлтгэх, сургалтын хөтөлбөрийг баяжуулах, нийтэд цэвдгийн үнэ цэнэ болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг ойлгуулах, улмаар авто зам, төмөр зам, барилга байгууламж, уул уурхайн дэд бүтцэд цэвдгийн үзүүлэх сөрөг нөлөөг үнэлэх, эрсдэлийг бууруулах аргачлал, зөвлөмж, стандарт боловсруулах ажлыг гүйцэтгэн, холбогдох төрийн байгууллагад мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.
Тоног төхөөрөмж: Цэвдэг судлалын лаборатори нь лаборатори, хээрийн судалгааг иж бүрнээр гүйцэтгэх багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Лабораторийн нөхцөлд жин, хатаах шүүгээ, температур болон дулаан дамжуулалт хэмжих төхөөрөмжийг ашиглан хөрс, чулуулгийн физик шинжилгээ гүйцэтгэдэг. Хээрийн судалгаанд гар болон моторт өрөм, геофизикийн багаж, GPS, температур хэмжигч, нуурын гүн хэмжигч, нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV) ашиглан цэвдгийн зузаан, гүний бүтэц, гадаргын өөрчлөлтийг тодорхойлно. Мөн цаг уурын автомат станцыг ашиглан суурин ажиглалт явуулж, уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжинэ. Үүнээс гадна хүлэмжийн хийн судалгаанд метан (CH₄) болон нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂)-ийн ялгарал, урсгалыг хэмжих Eddy covariance станц болон зөөврийн хийн анализаторыг ашиглан цэвдэгтэй экосистемээс ялгарах хийн урсгалыг үнэлж байна.
Байршил, холбогдох мэдээлэл:
Байршил: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Цэвдэг судлалын салбар
Холбогдох утас:976-99290816
Цахим хаяг: Saruulzayaa@mas.ac.mn
Харуул станцууд
Байршил: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын мониторингийн цооног болон цаг уурын автомат станцууд нь Монгол орны цэвдгийн тархалтын үндсэн бүсүүдийг төлөөлөхүйц байршлуудад байрласан. Тухайлбал, Монгол орны Алтай, Хангай, Хэнтийн уулархаг бүс, Хөвсгөлийн уулс, мөн ойт хээр–хээрийн шилжилтийн бүсүүдийг хамарсан орон зайн зохион байгуулалттай тархсан. Эдгээр мониторингийн цэгүүд нь цэвдгийн үргэлжилсэн, тасалданги болон алаг цоог цэвдэгтэй бүсүүдийг төлөөлөн Хөвсгөл, Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод аймгуудын нутаг дэвсгэрт тархан байрласан.
Хүчин чадал: Цэвдэг судлалын салбар нь Монгол орны цэвдэгтэй бүс нутагт 1960 аад оноос эхлэн нийт 200 гаруй мониторингийн цооног өрөмдөж, тоноглон ашиглалтад оруулснаас одоогоор 130 гаруй цооногт олон жилийн тасралтгүй хэмжилт хийж байна. Эдгээр цооногоос хөрс, чулуулгийн температурын горим, улирлын хөлдөлт гэсэлтийн динамик, цэвдгийн зузаан, тогтвортой байдлын урт хугацааны өгөгдлийг бүрдүүлж байна.
Мөн цэвдэг судлалын салбар нь цаг уурын автомат станцуудыг цэвдгийн судалгааг уур амьсгалын олон хүчин зүйлтэй уялдуулан үнэлэх зорилгоор үргэлжилсэн болон тасалданги цэвдэгтэй бүсүүд, ойт хээр–хээрийн шилжилтийн бүсүүд, мөн өндөршилийн ялгаатай уулын орчинд суурилуулан ажиллуулж байна. 2026 оны байдлаар 20 гаруй цаг уурын автомат станцыг ашиглан агаарын болон хөрсний температур, чийгшил, хур тунадас, салхи зэрэг бичил уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжиж байна.
Цэвдэг судлалын салбарын байгуулсан мониторингийн цооног болон цаг уурын автомат станцуудын хэмжилт судалгаа нь Монгол орны цэвдгийн орон зайн ялгарал, дулаан чийгийн горим, улирлын хөлдөлт гэсэлтийн динамик, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд цэвдгийн үзүүлэх хариу үйлдлийг олон түвшинд үнэлэх суурь мэдээллийг бүрдүүлж байна.