Дамбадаржаа дахь туршилт судалгааны мод үржүүлгийн газар
ШУА‑ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбарын Дамбадаржаа дахь мод үржүүлгийн газар нь 3.8 га талбайтай бөгөөд туршилт‑судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү мод үржүүлгийн газрын үндсэн зорилго нь шилмүүст болон навчит төрлийн мод, бут сөөгийг үр, мөчрөөр үржүүлж, далд болон ил үндэсний системтэй тарьц ургуулахад шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа гүйцэтгэхэд оршино.


Мөн мод үржүүлгийн газарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, туршилт‑судалгаа хийх болон сургалтын үйл ажиллагааг явуулах чиглэлээр судалгаа, инновацын ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Энэхүү мод үржүүлгийн газар нь үрийн хэсэг, бойжуулах талбай, улиас, бургасны эх ургамлын талбай, жимс, жимсгэнийн плантаци зэрэг хэсгүүдээс бүрдэнэ.
Үрийн хэсэг
Мод үржүүлгийн газрын үрийн хэсэгт нийлэг хальсан бүрхүүлтэй, дунд овор (30х6 м)-ын 4 солонгос хүлэмжид шинэс (Larix sibirica Ldb.), гацуур (Pica obovata Ldb.), нарс (Pinus sylvestris L.), хуш (Pinus sibirica Du Tour.) шар хуайс (Caragana arborescens Lam.), жигд (Elaeagnus angustifolia Wall.), голт бор (Syringa L.), чацаргана (Hippophae rhamnoides L.), хайлаас (Ulmus pumila L.), хус (Betula platyphylla Sukacz.)-ны тарьцыг ургуулж байна.
Бойжуулах талбай
Туршилт, судалгааны мод үржүүлгийн газрын бойжуулах талбайд дараах төрлийн суулгацыг бойжуулж байна.
- Ил талбайд: Шинэс (Larix sibirica ), нарс (Pinus sylvestris L.), хайлаас (Ulmus pumila L.), улиас (Populus laurifolia Ldb), саваа бургас (Salix spp.)
- Бортогонд: Шинэс (Larix sibirica ), гацуур (Picea obovata Ldb), үхрийн нүд (Ribes nigrum L.), улаан монос (Sorbus aucuparia L.), мөнгөлөг улиас (Populus alba L.), цагаан улиас (Populus tremula L.) зэрэг модыг ургуулж байна.
Жимсний эх ургамлын ПЛАНТАЦИ
Мод үржүүлгийн газрын жимс, жисгэсний эх ургамлын хэсэгт чацаргана, үхрийн нүд, далан хальс зэрэг жимсний мод, сөөгийг ургуулж, жимс (үр) болон ногоон мөчир бэлтгэн үрийн хэсэгт тарьж байна.
Гүйцэтгэж буй туршилт, судалгаа
Дамбадаржаа дахь мод үржүүлгийн газарт дараах туршилт, судалгааг гүйцэтгэж байна. Үүнд:
- Газарзүйн ялгаатай бүс нутгуудаас бэлтгэсэн үрээр улиасны тарьц ургуулах
- Сибирь шинэсний (Larix sibirica Ldb), нарс (Pinus sylvestris) тарьцад үзүүлэх био бордооны нөлөөг судлах
- Хүлэмжийн нөхцөлд сибирь гацуурын (Picea obovata) үрийг хөрсний ялгаатай хувилбаруудад ургуулах туршилт, судалгаа
- Доройтсон ойн талбайг далд үндэсний системтэй тарьцаар ойжуулах, нөхөн сэргээх судалгаа
- Газарзүйн ялгаатай арцны үр, ногоон мөчрөөр тарьц ургуулах туршилт, судалгаа
- Эр улиасны модожсон мөчрөөр тарьц ургуулах
- Хушны (Pinus sibirica Du Tour.) үрээр ил болон далд үндэсний системтэй тарьц ургуулах