Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
М Баасанцог

Нийтэлсэн

  • 2026-01-28
  • 0

Лаборатори

Ойн экосистемийн судалгааны лаборатори/Forest Ecosystem Research Laboratory

Харьяалал: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбар

Зорилго

Ойн экосистемийн судалгааны лабораторийн үндсэн зорилго нь ойн экосистемийн бүтэц, үйл ажиллагаа, динамик өөрчлөлтийг системтэйгээр судалж, моддын өсөлт, хөгжилтөд уур амьсгалын өөрчлөлт, түймэр, хортон шавж, мал, амьтан зэрэг байгаль, цаг уур болон хүний хүчин зүйлсийн нөлөөг тодорхойлсон шинжлэх ухааны мэдлэгийг бий болгож, тэдгээрийг ойн тогтвортой менежмент, хамгаалал, нөхөн сэргээлт, төлөв байдлыг үнэлэх, сайжруулах үндэслэл болгоход чиглэгдэнэ.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  1. Ойн төлөв байдал, моддын өсөлт, хөгжил тэдгээрт үзүүлэх уур амьсгалын нөлөөллийг нарийвчлан судлах;
  2. Монгол орны ойн экосистемд хөнөөл учруулж буй навч, шилмүүсний зонхилох шавжийн биологи, экологийн онцлогийг судалж, тэдгээртэй тэмцэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах;
  3. Ойн хэв шинж тус бүрийн таниур ургамал, ургамлын олон янз байдал, үйл ажиллагааны бүлгүүдийг тодорхойлж, эх ой болон доройтсон ойн ургамлын бүрэлдэхүүн бүтэц, хөдлөлзүй, өөрчлөлтийг харьцуулан судлах;
  4. Ойн үрийн чанарын шинжилгээ хийх, үрийн соёололтыг хими, физикийн аргаар нэмэгдүүлэх;

Хэрэгцээ шаардлага

Монгол орны ойг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах менежментийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах нь өнөөгийн тулгамдсан, чухал асуудлуудын нэг бөгөөд Монгол орны байгалийн нөхцөл, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөлөл нь ойн экосистемд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөллийг үзүүлж байгаа юм. Ойн экосистемийн судалгааны лаборатори нь ойн төлөв байдлыг системтэйгээр үнэлж, ойн өсөлтийн нарийвчилсан шинжилгээ хийх, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа (жишээ нь мал бэлчээрлэх, дагалт баялаг ашиглах, модны хэрэглээ) болон бусад байгаль цаг уурын хүчин зүйлсийн нөлөөллийг үр дүнтэй үнэлэхэд чиглэсэн судалгаа, шинжилгээний үйл ажиллагааг явуулна. Энэ нь ойг тогтвортой, шинжлэх ухаанд суурилсан менежментээр хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах стратеги боловсруулахад хүртээмжтэй мэдээлэл, бодит өгөгдлийг хангах үндэслэл болох юм.

Хүлээгдэж буй үр дүн

Ойн өсөлт, хамгаалал, нөхөн сэргээх судалгааг нарийвчлан гүйцэтгэж, өгөгдөл цуглуулж, уур амьсгалын өөрчлөлтийн индикатор, бүс нутгийн мэдээллийн санг бий болгох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, залуу судлаачдыг бэлтгэх, сургалтын хөтөлбөрийг баяжуулах, нийтэд ойн үнэ цэнэ, уур амьсгалын нөлөөллийг ойлгуулах, ойн менежмент, бодлого боловсруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн олон талын үр нөлөөг үзүүлнэ.

Тоног төхөөрөмж

Тус лаборатори нь хээрийн судалгаа хийх болон судалгааны дээж материалыг хэмжилтэд бэлтгэх, хэмжиж тоолох, үр дүнг боловсруулах багаж, техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан болно.

Байршил, холбогдох мэдээлэл:

Байршил: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Ойн нөөц, ой хамгааллын салбар

Холбогдох утас: +976 - 99985593

Цахим хаяг: batsaikhang@mas.ac.mn